Египетийн залуу TikTok оддыг тус улсын эрх баригчид нийгэмд ёс суртахуунгүй байдлыг тарааж байна хэмээн буруутгаж, баривчлах ажиллагаа явуулж байна.
Ерөнхийлөгч Абдель Фатх аль-Сиси 2014 онд засгийн эрхэнд гарснаас хойш олон зуун сэтгүүлч, нийгмийн идэвхтэн, хуульч, сэхээтнүүдийг баривчлан, төрийн аюулгүй байдал гэсэн нэрээр олон вэбсайтыг хязгаарласан билээ.
Их сургуулийн оюутан Ханин Хоссам 1,3 сая гаруй дагагчтай өөрийн ТикТок хуудас дээрээ “охид тус платформ дээр мөнгө хийж болно” гэж хэлсний төлөө биеэ үнэлэхийг сурталчилсан хэмээн буруутгаж, өнгөрөгч дөрөвдүгээр сард баривчилжээ.
Мөн ТикТок, Инстаграм хуудастаа хошин шогийн бичлэг байрлуулан алдаршсан Мовада аль-Адхам өнгөрсөн сард баривчлагдсан байна. Хэргийн ерөнхий прокурор нь уг хоёр эмэгтэйг “Египетийн нийгэм дэх гэр бүлийн үнэт чанарт халдсан” гэсэн хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэн юм.
Гэвч тавдугаар сарын сүүлээр илүү аймшигтай нэгэн хэрэг гарчээ. Нүүр нь шарх сорви болсон 17 настай охин түүнийг хэсэг залуус хүчирхийлсэн талаар нулимс дуслуулан ярьсан бичлэгээ ТикТок дээр байршуулсан аж. Албаныхан шуурхай арга хэмжээ авахдаа сэжигтэн зургаан эрийн хамт тус охиныг баривчлаад, тэднийг бүгдийг нь "бузар булайг сурталчилсан" хэрэгт буруутгасан гэнэ. “Тэр гэмт хэрэг үйлдсэн, заримыг нь хүлээн зөвшөөрсөн. Тэр шийтгэл хүртэх ёстой” хэмээн ерөнхий прокурорын мэдэгдэлд хохирогч охины талаар бичсэн байв.
Египетийн хүний эрхийн төлөөх төрийн бус байгууллагаас охиныг бүх хэргээс цагаатган, яаралтай суллахыг шаардаж, түүнтэй “хүчингийн хохирогч” гэдэг талаас нь харьцахыг уриалсан байна. Харин прокурорууд зөвхөн өнгөрөгч мягмар гарагт л охиныг цагдан хорих төвөөс шилжүүлэн, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээний төвд аваачсан болохыг мэдэгджээ.
Хүний эрхийн хуульч Тарек аль-Авадигийн хэлснээр сүүлийн үед ихээр гараад буй эдгээр баривчлах ажиллагаа нь тус улсын консерватив, шашинт нийгэм хурдацтай хөгжиж буй орчин үеийн харилцаа холбооны технологитой хэрхэн тэмцэж байгааг харуулж байна гэв.
Түүнчлэн феминист Гадер Ахмед энэ явдлуудыг нийгмийн анги болон байр суурьтай холбоотой гэж үзэж байна. Тэрээр “Залуу эмэгтэйчүүд өөрсдийн нийгмийн давхаргаасаа болоод бодит амьдрал дээр ашиглаж чадахгүй боломжуудаа интернэт дээр бий болгосон” гэж хэлжээ. Харин олон Египетчүүдийн хувьд эдгээр эмэгтэйчүүдийн үйлдэл тэдний боддог ядуу давхаргын эмэгтэйчүүдийн гаргах ёстой зан төлөвтэй үл нийцдэг аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.