Сонсголын бэрхшээлтэй иргэд, дохионы хэлний хэлмэрч, орчуулагч нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгох видео хичээл боловсруулжээ. Хичээлийг Сонгуулийн ерөнхий хорооны санал, зөвлөмжийн дагуу бэлтгэсэн байна.
Видео хичээлд сонгогч сонгуульдаа яаж оролцох, сонголтоо хэрхэн хийх тухай болон онолын мэдлэгийг амьдралд хэрхэн энгийнээр ойлгож болох талаар мэдээлэл багтаажээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд хэрхэн оролцохыг харуулсан богино хэмжээний видео бичлэг бэлтгэсэн аж. Ингэхдээ харааны, тулгуур эрхтний, хөдөлгөөн болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хамруулсан гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Энэ талаар төслийн зохицуулагч Б.Юмжирдулам “Монголд анх удаа сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдийн санаачилгаар мэдлэг, чадвар, цаг хугацаагаа дайчлан сонгогчийн боловсролын видео хичээл боловсрууллаа. Видео хичээлийн хөтөлбөр, зохиол, видео бичлэг, эвлүүлэг бүрийг сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөө хийсэн. Аливаа зүйлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжтой байхаар төлөвлөн боловсруулж бүтээх тусам хүн бүрт хүртээмжтэй болдог тул энэхүү цуврал видео хичээл зөвхөн хараа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдээс гадна бүх сонгогчдод хүртээмжтэй бүтээл болсон” гэж онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.