Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан, Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчин Наробагийн XVI дүрийн хувилгаан Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн таван өрхөд гэр гардуулав.
Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн:
-Монгол эх орондоо ирэх бүртээ хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийхийг зорьж байгаа. Энэ удаад хүмүүст таван гэр өгөхөөр бэлдсэн.
Өнөөдөр Бурхан багш төгс гэгээрч, нирваан дүрийг үзүүлж, эхээс мэндэлсэн гурван дүйчэн өдөр. Шашинтай, шашингүй, өөр шашин шүтдэг хүн бүгд сайн сайхныг хүсдэгээрээ адилхан. Аливаа жаргал, зовлонд шалтгаан нөхцөл үүсдэг. Шалтгаангүй жаргал, зовлон гарна гэж байхгүй. Нэгэнт л хүнд аз жаргал хүсэж байгаа юм чинь бие, хэл, сэтгэл гурваар бусдад хорлолтой үйлийг тэвчээд, тустай үйл хийх юм бол маш их буян хураах бололцоотой.
Зовлонгийн шалтгаан бол буруу сэтгэл. Бусдад хор хүргэх буруу сэтгэлийг хорих нь хамгийн чухал. Иймд энэ өдөр бие биенээ энэрэн хайрлаж байгаасай гэж уриалмаар байна.
"Нароби" институтийн захирал А.Батцэнгэл:
-Наро Банчэн гэгээнтэн жил бүрийн Бурхан багшийн дүйчэн өдрөөр хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг. Өнгөрсөн жил эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өгөх ажиллагааг зохион байгуулсан. Наро Банчэн гэгээнтний санаачилгаар өнөөдөр амьдралын түвшин доогуур таван өрхөд гэр, тавилга, хоол хүнс гардуулан өгч байна. Үүнд, ХӨСҮТ-ийн хоёр ажилтан, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн иргэд хамрагдаж байгаа.
Энэхүү үйл ажиллагааг "Нароби" институт зохион байгууллаа. Манай институт буддын гүн ухааныг академик түвшинд зохион байгуулдаг гэв.
Чингэлтэй дүүргийн иргэн У.Насанөлзий, БЗД-ийн 17-р хорооны нийгмийн ажилтан Б.Хандмаа, БЗД-ийн иргэн С.Энхтуяа нар гэр гардан аваад "Наро Банчэн гэгээнтэндээ маш их баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна. ХӨСҮТ-ийн хамт олондоо баярлалаа. Түрээсийн байранд амьдардаг байсан. Гэртээ болж байгаадаа баяртай байна" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нароби гэж буруу бичсэн байнаа. Наропа гэнэ