АНУ-ын Нууц албаны мэдээлснээр Ерөнхийлөгч асан Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар луу илгээсэн шуудангаас тэсрэх бөмбөг олдсон байна.
Үүний дараа Ардчилсан намын улс төрч Дебби Шульц, Калифорний Ардчилсан намын сенатын гишүүн Камела Харрис нар луу сэжиг бүхий илгээмж явуулсан байсныг Сан Диего сонинд нийтэлжээ.
Барак Обама, Хиллари Клинтон нарт илгээсэн шуудангаас олдсон тэсрэх бөмбөг даваа гарагт олон улсын ардчиллыг дэмжигч, хандивлагч Жорж Соросын шуудангийн хайрцагт байсан тэсрэх бөмбөгтэй адилхан байсан гэнэ.
Соросын гэр Клинтоны гэр бүлийнхний амьдардаг газраас холгүй байдаг ажээ.
Обама, Хиллари, Сорос нарт илгээсэн тэсрэх бөмбөгийг нууц албаныхны шалгалтын үеэр илрүүлсэн.
Нью-Йоркийн Тайм Варнер барилгад тэсрэх бөмбөгийг илрүүлсэн тул урьдчилан сэргийлэх үүднээс барилгын ажилчдыг түр гаргаж аюулгүй байдлыг нь хамгаалжээ.
CNN агентлагийн удирдах төв энд байрладаг байна.
Флоридад байдаг Дебби Шульцын ажлын байранд ирсэн илгээмжээс сэжигтэй зүйл илрүүлсний дараа мөн барилгын ажилчдыг түр нүүлгэн шилжүүлжээ.
Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд “Барак Обама, Хиллари Клинтон болон бусад улс төрчид рүү халдах гэсэн оролдлогыг хурцаар шүүмжлэн буруутгаж байна. Терроризмын шинж чанартай үйлдлийг жигшиж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. АНУ-ын Нууц алба, хуулийн агентлагууд хэргийг мөрдөн шалгаж, урьдчилан сэргийлэх алхмыг хэрэгжүүлнэ” гэжээ.
Эх сурвалж: www.qz.com