“Буянт-Ухаа 2” хорооллын эцэг, эхчүүд хамтран хорооллынхоо хүүхэд багачуудад зориулан тоглоомын талбайн нэгээхэн хэсгийг будаж, тохижуулжээ. Уг ажлыг тус хорооллын "Буянт-ухаа 2" 2Б СӨХ-ны захирал санаачлан тус байрны оршин суугчид тусалж дэмжсэн байна.
Коронавирусийн халдварын улмаас энэ жил олон улсын хүүхдийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Энэ ч үүднээс хүүхэд, багачууд маань баярын өдрөө гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайд тоглож өнгөрүүлэх тул тэдэнд зориулан хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд тоглох боломжтой тоглоом зурах санаа өчигдөр "Буянт-Ухаа 2" 2б СӨХ-ны захирал Б.Бадамсансарт төржээ.
Ингээд өөрөөсөө багахан хэмжээний төсөв мөнгө гарган өөрийн хүүхэдтэйгээ болон байрныхаа оршин суугч залуучуудтай хамтран гурван янзаар тоглож болох тоглоомыг зурсан байна. Тэрбээр хорооллынхоо хүүхэд багачуудад хүртэл хэрхэн тоглохыг зааж өгсөн юм.
Хүүхдийн тоглоомын талбайг шинэ тоглоомоор тохижуулаагүй ч баярын уур амьсгал оруулснаас гадна хүүхдүүдийг хөдөлгөөнтэй байлгах, тэдний оролцоог нэмэгдүүлсэн байна. Хүүхдийн баяраар хүүхэд багачуудад гарын бэлэг өгөхөөс илүү тэдэнд зориулсан үйл хэрэг хийх цаашлаад гэр бүлийнхэнтэйгээ хамт бусдад зориулсан сайн үйлсийн аян хийх нь тэдэнд урам зориг болно гэдгийг уг санаачилга харууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.