АНУ хамгийн сүүлд 2011 онд өөрсдийн үйлдвэрлэсэн сансрын капсулаар сансрын нисгэгчдээ хөөргөжээ. Үүнээс хойш анх удаа Элон Маскийн SpaceX сансрын хөтөлбөр Dragon капсулаар НАСА-ын сансар судлаачдыг Олон улсын сансар судлалын станцад /ОУССС/ амжилттай хүргэлээ.
НАСА-ын эрдэмтэд болох Боб Бенкен, Даг Херли нар Dragon капсулаар аялалд гарч 24 цагийн дараа ОУССС-д хүрсэн байна. Багийн гишүүдийг амжилттай аяллаа дүүргэсэнд ОУССС-ын эрдэмтэд гар барин тэвэрч баяр хүргэжээ. 49 настай Бенкен, 53 настай Херли нар 10 орчим жилийн дараа АНУ-ын нутаг дэвсгэрээс сансарт амжилттай ниссэн анхны эрдэмтэд болон түүхэнд нэрээ мөнхөллөө.
АНУ-ын Сансар судлалын станц НАСА-ын захирал Жим Брайденстин аялал амжилттай болсонд баяр хүргэж, бүх дэлхий уг аяллыг ажиглаж байсан бөгөөд гар бие оролцсон бүх хүмүүсээр бахархаж байгаагаа илэрхийлжээ. Америкийн эрдэмтэд эх нутгаасаа сансарт хөөрөх боломж дахин нээгдсэнээс гадна анх удаа хувийн компани НАСА-аас түрүүлж алхсанаар цаашид ашиг олох зорилгоор сансрын аялал хийх боломжийг эхлүүлж байна.
Бенкен, Херли нар аяллынхаа явцад хэдэн цагийн турш унтах боломжтой байсан бөгөөд нислэгийн явцад хүндрэл гараагүй, тухтай байсныг дуулгажээ. Орон нутгийн цагаар бямба гарагийн 15 цаг 22 минутад SpaceX Falcon 9 пуужин Кеннедийн сансрын төвөөс хөөрсөн юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.