СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аавыгаа сундлаад 1200 км дугуй унасан охинд Энэтхэгийн дугуйн холбооноос санал иржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өвчтэй аавыгаа сундлаад, гэр хүртэлх 1200 км-ийн замыг унадаг дугуйгаар туулсан 15 настай энэтхэг охинд тус улсын Дугуйн холбооноос санал иржээ. Жиёти Кумари аавынхаа ажиллаж байсан хотоос өөрсдийн тосгон руугаа буцахын тулд долоон хоногийн турш дугуй унасан юм.

Түүний аав Мохан Пасван Нью-Делигийн ойролцоох Гуруграм хотод ажиллаж, амьдарч байсан ч энэ жилийн эхээр ослын улмаас ядууралд оржээ. Тэрээр түрээсийн төлбөрөө хэдэн сарын турш төлөөгүйг улмаас байрны эзэн нь түүнийг төлбөрөө нөхөн төлөх эсвэл өрөөгөө чөлөөлөхийг шаардсан байна.

Жиёти аавыгаа асрахаар Гуруграмд ирсэн бөгөөд эрүүл мэндийн туслахаар ажилладаг ээж нь дөрвөн дүүг нь харан, Бихарын Дарбанга тосгон дахь гэртээ үлджээ. Энэтхэгийн коронавирусийн хөл хорио сунгагдсанаар байрны эзний заналхийлэл улам ихэссэн аж.

Энэ үед Жиёти унадаг дугуйгаар гэртээ харихыг санал болгосон байна. “Хүндхэн нөхцөл байдлын улмаас Жиёти биднийг гэртээ харихыг санал болгосон. Ямар ч галт тэрэг, автобус байхгүй, мөн гэмтлийн улмаас явган явж чадахгүй гэдгээ би түүнд хэлсэн. Үүний хариуд охин маань бид дугуй олох хэрэгтэй гэсэн” гэж Мохан Пасван хэлжээ. Ингээд охин үлдсэн мөнгөө шавхан, хөршөөсөө хуучин дугуй худалдаж аваад, аавыгаа сундлан замдаа гарсан байна. Удалгүй түүний түүх дэлхий даяар тархан, олон хүний бишрэлийг төрүүлсэн юм.

Тэгвэл Энэтхэгийн дугуйн холбооноос түүнд ирэх сард Дели хотод ирэн, албан ёсны шалгалт өгөхийг санал болгожээ. Тус холбооны дарга Онкар Сингх “Бид өнөө өглөө охинтой ярьсан бөгөөд хөл хорио цуцлагдсан даруйд түүнийг ирэх сард Делид дуудах болсныг хэлсэн. Түүний аялал, байрлах газар болон бусад бүх зардлыг бид хариуцах болно”гэж хэлэв.

Мөн тэрээр Жиёти Кумари шалгалтад тэнцсэн тохиолдолд түүнийг Үндэсний дугуйн академид сурагчаар сонгоно гэдгийг тэмдэглэжээ. Энэтхэгийн Спортын албаны ивээл дор байдаг тус академи нь Азийн хамгийн дэвшилтэт байгууламжуудын нэг аж.

Эх сурвалж: The Hindu, Cycling Weekly

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол
3 жилийн өмнө
59.153.87.58

ГАЙХАЛТАЙ....

Зочин
3 жилийн өмнө
66.181.181.169

gaihaltai yer busiin tengeriin elch bjee ohin n...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.