Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцлаа.
Төв цэвэрлэх байгууламжийн үнэр 2016 оноос тулгамдсан асуудал болсныг нийслэлийнхэн сайн мэдэж байгаа. Усны бохирдлын хэмжээ маш өндөр байдгаас байгальд нийлүүлж байгаа ус стандартын шаардлагыг хангаж чадахгүй байсаар ирсэн.
Харин одоо Төв цэвэрлэх байгууламж дээр хуримтлагдсан лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлжээ. Лагийг бүтэн цогцоор нь боловсруулахад хөрөнгө оруулалт багагүй шаардлагатай байсан учир японы эрдэмтний химийн бодисгүй аргыг сонгон шалгаруулсан. Улсын төсөвт нийт хөрөнгө оруулалтад 35 тэрбум төгрөг тавьснаас 26,5 тэрбум төгрөгөөр энэхүү ажлыг хэрэгжүүлснээ Шадар сайдад тайлагнав.
Өдөр тутам гардаг түүхий лагийг усгүйжүүлэх байгууламжийг барьж байгуулжээ. Лагийг усгүйжүүлэх арга хэмжээ авснаар үнэр болон лагийн овор хэмжээ 5-8 дахин багассан үзүүлэлттэй байна. Арван га газар дээр хур лаг хуримтлагдсан байсны хамгийн гүн нь 12м хүртэлх гүнтэй байсан. Одоо лагийг бүрэн чөлөөлж цэвэрлэсэн байна.
Гэсэн ч тулгамдсан асуудал байсан хэвээр. Засгийн газрын бүх үйлдвэр аж ахуй нэгжийг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгох тогтоол гарсан хэдий ч энэ шийдвэр хэрэгжихгүй байна. Стандарт шаардлага хангахгүй бохир ус ирсээр байгаа аж.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нийт өртөг 262,7 сая ам.доллар. Хятадын засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр баригдах бөгөөд 2023 онд барилга угсралтын ажил бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
Үүнд зориулж Хятад улсын засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.