Арав гаруйхан наснаасаа балетын урлагаар хичээллэж, өдгөө БНСУ-ын “Wise Ballet Theatr” -т гоцлол бүжигчнээр ажилладаг Мэнбаярын Намсрайг “Түүчээ”болгон ярилцлаа.
-Балетийн урлагийг хэзээнээс сонирхсон бэ. Эрэгтэй хүүхэд балетын бүжигчин болохоор шийдсэн нь сонирхолтой санагдлаа?
-Би 1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын ууган хүү, нэг охин дүүтэй. Багаасаа бүжиглэх дуртай, цэцэрлэг, сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог идэвхтэй хүү байсан. Анх ерөнхий боловсролын 31, 17 дугаар сургуульд суралцаж байгаад 2002 онд Хөгжим бүжгийн коллежийн анхан шатны шалгаруулалтад тэнцсэнээр балетад дурласан. Ингээд Хөгжим бүжгийн коллежид 2003-2010 оны хооронд сурч, төгссөн. Намайг урлагийн хүн болоход аав, ээж минь их нөлөөлсөн. Миний аав инженер, ээж сувилагч мэргэжилтэй, эгэл жирийн, төрийн албан хаагч хүмүүс бий. Харин хүүхэд ахуй насандаа урлагт хайртай, урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан юм билээ. Хоёулаа Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч байсан ч аав хэт өндөр учраас тэнцээгүй. Харин ээж төгөлдөр хуурын ангид тэнцсэн ч ар гэрийн гачигдлаас болоод сургуулиа орхисон гэдэг. Тиймээс би балетын бүжигчин болсноор тэднийхээ мөрөөдлийг давхар биелүүлсэн гэж хэлж болно. Аав, ээж маань ойлгож, чин сэтгэлээсээ намайг дэмждэг учраас хүү нь өдий зэрэгтэй яваа юм.
-Хөгжим бүжгийн коллежийн сурагчид ерөнхий эрдмийн хичээлээ үзэж, судлахын зэрэгцээ бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Тэгэхээр хүүхэд нас нь их завгүй өнгөрсөн бололтой?
-Сургууль миний төдийгүй манай ангийхны хувьд хоёр дахь гэр байсан. Хичээл, бэлтгэл гээд өдөрт 12 цаг сургууль дээрээ өнгөрүүлдэг байсан. Ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг байсан учраас цүнхэндээ оо сойз, өдрийн хоол, солих хувцас гэх мэт хэрэгцээт зүйлээ хийгээд, үүрээд явдаг байсан. Балет бол өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай, хагас цэрэгжилтийн байдалтай биеэ авч явахыг шаарддаг, хатуу соёлтой урлаг. Цаг минут тутамд хөдөлмөрлөж, өөрийгөө дайчлахгүй бол бусдаасаа хоцорно. Одоо бодоход 11 настайгаасаа хойш өдрийн ихэнх хугацааг бэлтгэлийн заал, урлагийн тайзан дээр өнгөрүүлжээ. Эзэмшсэн мэргэжлийн маань онцлог энэ.
-Өсвөр насны эрэгтэй хүүхдүүд шооч байдаг шүү дээ. Үеийнхэн чинь эмэгтэй хүүхэд шиг гэж шоолж байв уу?
-Хуучин сургуулийн хүүхдүүд “Охид шиг тирко өмсөж бүжиглэдэг” гэх мэтээр ярих нь сонсогддог байсан. Гэхдээ би хүмүүсийн ярих, шоолоход ач холбогдол өгч байгаагүй. Яг үнэнийг хэлэхэд, эхний жилдээ би өөрөө ч дуртай байгаагүй. Эрэгтэй хүүхэд болсон хойно тирко өмсөх нь ичмээр санагддаг байлаа. Гэхдээ нэгэнт шалгалт өгөөд тэнцчихсэн, цаашдаа урлагийн хүн болно гэсэн бодолтой байсан учраас бэлтгэлээ сайн хийх л чухал байсан. Бас аав, ээжийнхээ хүслийг биелүүлэхийг маш их хүссэн. Тэгээд энэ урлагийн сайхныг жил ирэх тусам мэдэрсээр, хайртай болчихсон.
-Эхэндээ өөрөө дуртай байгаагүй, цаг наргүй бэлтгэл, сургуулилалттай. Шантрах үе байжээ. Хэцүү үеэ даван туулахад зориг, тэвчээр шаарддаг. Тууштай зүтгэж дээ?
-Тэр бол хүүхдийн л бодол. Хэчнээн бүжиглэх дуртай байсан ч, яг балетын бүжигчин болно гэхээр төсөөлөгдөхгүй байсан хэрэг. Ер нь бол уран гулгалтын тамирчин болох мөрөөдөлтэй байсан ч манай улсад хөгжөөгүй байсан. Тухайн үед хүмүүс балетын талаар ойлголт муутай, төр засгаас дэмжлэг бараг л байгаагүй. Тийм болохоор балетын бүжигчин гэхээр үеийнхэн шоолох хандлагатай, хүмүүс гайхаж хүлээж авдаг байсан. Балетын урлаг бол үзэгчийн суудлаас харахад маш үзэсгэлэнтэй, гоёмсог урлаг хэдий ч түүний цаана маш их тэвчээр, хичээл зүтгэл, хатуужил бүжигчнээс шаардаж байдаг. Сайн бүжиглэдэг байхаас гадна бусдаас үг сонсож, ачаалал дааж сурах хэрэгтэй болдог. Ер нь хүүхдүүд хэт эрт шантрах, эсвэл ачаалалтай бэлтгэлийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар орхих тохиолдол бишгүй. Манай ангид анх 12 эрэгтэй хүүхэд байснаас дөрөв нь сургуулиа төгссөн. Миний хувьд шантрах үе байсан ч бууж өгөөгүй. Мөрөөдлийнхөө төлөө өнөөдөр ч хичээсээр явна.
-Оюутан байхаасаа Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж эхэлсэн гэж сонссон. Хамгийн анх тайзан дээр гарсан мэдрэмжээ хуваалцаач. Ямар дүрээр үзэгчтэйгээ уулзаж байв?
-Би Дуурь бүжгийн эрдмийн театрт 2007 оноос гэрээт ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 2010 онд төгсөөд үндсэн ажилтан болсон. Найман жил үндэсний театрынхаа алтан тайзнаа бүжиглэсэн байна. Хамгийн анх бага ангид байхдаа “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн олны хэсэгт гарч байлаа. Ер нь театрт тавигдаж байгаа жүжгүүдэд хүүхэд орж болох ямар хэсэг байна, түүнд би оролцоно. Тухайн үед бужигнасан олон хүүхэд дунд байгаа хэрнээ бүх үзэгч ганцхан намайг харж байгаа мэт санагдаад тун ч их хичээдэг байлаа. Харин анх ганцаараа “Хунт нуур” бүжгэн жүжгийн алиа салбадайн дүрээр тайзан дээр гарсан. Тэр мөчид төрдөг мэдрэмжийг үгээр илэрхийлэх хэцүү. Догдлол, сандрал, баяр хөөр хосолсон гайхамшигтай мэдрэмж. Хамтран бүжиглэж буй эмэгтэйгээ унагачих вий гэх айдас хамгийн хэцүү. Ер нь дүр бүхний хамгийн эхний гаралт хэцүү байдаг. Он жил өнгөрсөн ч тайз бол хамгийн сайн багш. Мөн оногдсон дүрээ сайн гаргахын тулд бүжигчин судалгаа хийх хэрэгтэй болдог.
-БНСУ-д ажиллах боломж тэр бүр тохиогоод байдаггүй болов уу. Аав, ээж нь ганц хүүгээ хүний нутагт ажиллахаар явах боллоо гэхэд яаж хүлээж авсан бэ?
-Солонгост ирээд таван жил болж байна. Залуу хүн учраас өөрийгөө сорьж үзэх, дэлхийн тайзан дээр бүжиглэх мөрөөдөл байсан. Тэгээд гадаадад ажиллаж, амьдардаг мэргэжил нэгт ах, эгч нартайгаа холбогдож, хаана ямар боломж байгааг судалсан. Хэд хэдэн газар танилцуулга өгснөөс одоо ажиллаж байгаа компаниас маань урилга илгээсэн. Аав, ээждээ огт хэлэхгүйгээр гадагшаа явах асуудлаар хөөцөлдөж байгаад урилгаа хүлээж авсны дараа л дуулгасан. Тэр үед ээж маань нэлээд хүнд хүлээж авсан ч хүүгийнхээ хүсэл, сонирхлыг дэмжсэн. Жил бүр эх орондоо очдог. Шинэ он гарах үеэр оччихоод нэг сар орчим амраад буцдаг учраас гэрийнхэн маань харьцангуй санаж, зовох нь бага. Ер нь хүн ахиж, дэвшье гэвэл өөрөө боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Түүнээс зүгээр мөрөөдөөд суугаад байвал хэн ч боломжоор шагнахгүй гэж боддог.
-Бидэнд компанийнхаа тухай танилцуулаач. Гадаад бүжигчин олон бий юү?
-Сөүл хотын “Wise Ballet Theatr” чансаагаараа улсдаа гуравдугаарт бичигддэг, 16 жилийн түүхтэй, нэр хүндтэй компани. Би доод курсийнхээ дүүтэй хамт ирсэн. Одоо ч хамтдаа ажиллаж, амьдарч байгаа. Бид хоёр компанийнхаа анхны гадаад бүжигчид. Үүнээс хойш Узбекстанаас нэг бүжигчин ирсэн. Анх Монголоос ирсэн гэхээр их гайхдаг байсан. Бараг л “Та нар балет гэж мэддэг юм уу” гэх нь холгүй. Гэхдээ манай оронд очиж амарч, балет үзэж байсан хүмүүс энд цөөнгүй байдаг нь сайхан санагддаг. Энд ирээд тайзаа засах, хураах, цэвэрлэх гээд бүх ажилд гар бие оролцсон. Бүх зүйлийг шинээр эхэлж, хөлс, хөдөлмөрөөрөө өөрийгөө бүтээж байна. Дуурь бүжгийн эрдмийн театр маань тусдаа тайз заслын, аж ахуйн ажилчидтай учраас бүжигчид энэ төрлийн ажлыг хийдэггүй байсан. Хамгийн чухал нь намайг хувь хүн гэдэг утгаар биш Монголын балетчдийн төлөөлөл гэж харах учраас илүү сайн байхыг хичээдэг.
-Солонгос Улсад ирэхэд төсөөлөл бодит байдал хэр зөрүүтэй байв. Хүний нутагт хөлөө олоход бэрхшээлтэй зүйл зөндөө биз?
-Ирэхээсээ өмнө компанитайгаа гэрээ хэлэлцээрээ сайн тохирсон учраас амьдрах байр, цалин хөлс зэрэгт асуудал гараагүй. Хамгийн хэцүү нь хэлний бэрхшээл байсан. Би солонгос хэл огт мэдэхгүй, англи хэл бас ярилцах, ойлголцох хэмжээнд эзэмшээгүй. Нэгэнт хүний эзэмшсэн мэргэжил учраас бүжиглэх, хамтрагчтайгаа ойлголцоход асуудал гараагүй. Биеийн хэлээрээ ойлголцчихно. Бас би халуун ногооны харшилтай учраас эхэндээ идэх хоол олдохгүй хэцүү байсан. Хэчнээн өлссөн ч, хэл мэдэхгүйгээсээ болоод халуун ногоогүй хоол захиалж чаддаггүй байсан. Хамт ирсэн дүү маань англи хэл бага зэрэг гадарладаг нь нэмэр болсон. Ирсэн даруйдаа хоёр долоо хоног хэлний сургалтад суусан ч сурч гавиагүй. Нэгдүгээрт, ажил ихтэй учраас ихэнхдээ хичээл хийж амжихгүй. Хоёрдугаарт, солонгос багштай. Ингээд хэсэг харанхуй явсаар ажлын орчин, найз нөхдийн харилцаанаасаа суралцаж явсаар ярьдаг, ойлгодог болсон.
-Сонгодог урлагийн ертөнцөд хөл тавиад 20-иод жил болжээ. Эх орондоо таван жил, гадаад оронд таван жил мэргэжлээрээ ажилласан байна. Манай балетын хөгжлийг гаднынхантай харьцуулахад ямар байна вэ?
-Солонгос Улс урлагийн менежмент сайтай юм. Мөн үзэгч олонтой. Манай улсад сонгодог урлаг сонирхогчид жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ч бүжигчнийхээ ур чадварыг сурталчлах тал дээр хойрго байх шиг санагддаг. Угтаа бол манай балетчид ур чадвараараа дэлхийн аль ч улсад гологдохгүй. Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа балетчид бүгд тус театрынхаа гоцлол бүжигчнээр ажилладаг нь үүний баталгаа болов уу.
-Балет бол гоо зүйн урлаг. Тиймээс эрэгтэй бүжигчид ч гэсэн хооллолт, бие галбиртаа анхаардаг байх?
-Энэ бол урлагаас гадна спорт. Бид өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, булчин шөрмөсөө ажиллуулж байдаг. Бүжигчин гэхээр бяр тэнхээгүй, турьхан гэж ойлгодог нь буруу. Жишээлбэл, эрэгтэй бүжигчид өөртэйгөө ойролцоо жинтэй ижилхэн хүнийг өргөж, буулгадаг. Ингэхдээ мэдээж төмөр шахаж байгаа юм шиг ярвайж, нүүр царайгаа үрчийлгэж болохгүй. Тайзан дээр хөдөлгөөнөө алдах, хийх үйлдлээ мартах тохиолдог гардаг. Тэр үед ч гэсэн алдаа гаргаагүй мэт авч гарах хэрэгтэй. Ерөөсөө үзэгчид гоё сайхныг харж, сэтгэлийн таашаал авах гэж театрт ирдэг учраас бид гоё сайхан байх үүрэгтэй. Хооллолтын тухайд учиргүй сойгоод, дэглэм барьдаггүй. Гэхдээ жиндээ анхаарахгүй байж болохгүй. Аль болох амин дэмээр баялаг хүнс хэрэглэж, зохистой хооллохыг хичээдэг. Зөвхөн хооллолтоос гадна бэлтгэл сургуулилалт чухал. Манай бүжигчид долоо хоногийн зургаан өдөр 10-12 цаг ажилладаг.
-Өөрийнхөө зорилго, мөрөөдлөөс хуваалцвал?
-Урлаг бол залуу насны ажил. Хэчнээн хайртай байсан ч бид насны эрхээр тайзнаас буух хэрэг гарна. Тэгээд багшлах эсвэл, жүжигт хаан, хатан гэх мэт бүжиглэлт багатай дүрд тоглох л зам үлддэг. Миний хувьд аль болох олон жил тайзан дээр бүжиглэхийг хүсэж байна. Ингэхийн тулд бие, сэтгэлзүйн бэлтгэл сайтай байх хэрэгтэй. Ер нь миний мөрөөдөл бага багаар биелсээр байгаа. Цаашдаа ур чадвараа ахиулж, сайн бүжиглэж, компанийнхаа чансааг өсгөхийг зорьж байна. Солонгост жил бүр бүх балетын театр, компаниудын дунд уралдаан зарлаж, түүнд гаргасан амжилтаар театр, бүжигчдийг эрэмбэлдэг юм.
-Балетаар хичээллэх сонирхолтой хүүхэд багачуудад хандаж зөвлөгөө өгөөч гэвэл юу хэлэх вэ?
-Хүүхдүүдээс илүү эцэг эхэд хандаж хэлмээр байна. Балет бол хэцүү, хатуу урлаг. Тиймээс багшдаа зэмлүүлэх, цаг наргүй бэлтгэл хийх, эцэж цуцахаас эхлээд бэрхшээл зөндөө гарна. Тэр үед нь хүүхдээ дэмжиж, тусалж байх хэрэгтэй. Дэмжинэ гэдэг нь эрхлүүлэхийн нэр биш. Дандаа өмөөрөөд, толгойг нь илээд байвал хүүхэд юм сурахгүй. Хүүхдэд унаж, босох, өөрийгөө ялах боломж үлдээх хэрэгтэй байдаг шүү. Харин дүү нартаа хандаж хэлэхэд, хүсэл мөрөөдлийнхөө төлөө битгий шантар, зүтгэ гэе.
П.Даваажарга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аштай юу. Нэг ч гэсэн монголчууд маань өөрсдийгөө гадаадын урлагт таниулж бдаг. Баярлалаа залуучууддаа
баяр хүргэе, ухаалаг авьчаслаг залуу байна. амжилт хүсье
миний сайхан хүү ээж нь түүгээрээ бахархаж байна
Ээжид нь баяр хүргэе
сайхан хүүтэй ээж,хүү 2т сайхан бүхнийг хүсье! мундаг байнаа.улам их амжилт хүсье!
Naiziinhaa huud amjilt husie. Namraigaa bagaas n medehiin huvid mash uhaalag saikhan setgeltei huu bgaan. duudee ulam ih amjilt husie
Ёстой гоё ярилцлага болжээ , улам их амжилтыг хүсье !
Uneheer baharhmaar, mundag shuu. Mash ih huls hudulmur tewcheer gargadag mergejiltei nzaaraa baharhaj bnoo. Yadiin magtnaa mundag shuu mi nz.
Ta yaj kompanaas yaj urilga huleen awsan be
Mundag bn amjilt hvsie. Zorisondoo hvreerei.
Ёстой мундаг. Залуу нас ийм л байх ёстой. Зоригтой, тэвчээртэй, ухамсартай, зорилогтой байхад амжилт, ирээдүй гарт чинь ороод ирнэ. Мундаг залуу байна. Чамаар бахархаж байна. Улам их амжилт хүсэн ерөөе.
Мундаг хүү байна .Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа!
Мундаг сайн хүү.амжилт хүсьe!
Мундаг зорилготой хүү бна .улам их амжилт хүсье.
Mundag.. shn yariltslaga bna
Улам их амжилт хүсье.чамаар бахархаж бна
Мундаг байна.Амжилт хүсье
Mundag zaluud ulam ih amjilt husie.
Mundag, Amıjt husie
Ухаантай Сайн залуу байна
Ухаантай Сайн залуу байна
Mongoloo manduulj bgaad zaluud bayrlalaa
Их ухаалаг зоригтой залуу юм түүнчлэн болгоомжтой байж бэлтгэлээ сайн хийгээрэй бахархаж байна Амжилтын дээдийг хүсье .
Ёстой мундаг Амжилт хүсье
Mundag shuu ❤️ Urgelj moroodliinho toloo shantralgui yvaarai !
Сурвалжлагч засаагүй бол харин аятайхан найруулгаар ярьдаг хүүхэд байна. Яах вэ, ач холбогдол өгөх, сургууль дээр гэх мэт бага сага буруу найруулгаа засна биз ээ. Гэхдээ, тун дажгүй. Хэл бол хүний эрдэм ухаан, соёл боловсролыг алдаагүй харуулдаг юм даа.
Manai mongoliin urlagiin tuushee bolson asar ih hodolmor zutgeleer husel moroodloo buyluulj yvaa ene saihan zaluugaar hun buhen baharhaj baina.Ulam ih amjilt husy.
Мундаг байна.Амжилт хүсье
Duudee bayr hurgey uuriin biyer bujiglehiig uzsen tul duugeeree baharjaj yavdag shuu hicheeree duu mine
Мундаг хүү баяр хүргэе.
Setgegdel ondor bn
Dvvdee ulam ikh amjiltig hvsiye
Mundag hvv yumaa amjilt hvsie