БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр эхэллээ. Өнөөдрийн хурлаар төлөөлөгчид аюулгүй байдлыг хамгаалах шинэ хуулийн төслийн талаар хэлэлцэнэ.
Энэ хууль нь Хонконгийн жагсаалыг дарах зорилготой бөгөөд Хятадын нэг улс хоёр системийг төгсгөсөн үйлдэл хэмээн ардчиллыг дэмжигчид үзэж байна. Хятадын эрх баригчид шинэ хуулиндаа өдөөн хатгах, үймээн самуун дэгдээх, хорлон сүйтгэхийг хориглоно гэжээ.
Хонконг нь 1997 онд Британиас Хятадад шилжсэн бөгөөд нэг улс хоёр системийн бодлогыг хэрэгжүүлэгч бүс юм. Гэвч өнгөрсөн жилээс эхлэн ардчиллыг дэмжих хөдөлгөөн эрчимжиж, эсэргүүцлийн жагсаал хурцадсан билээ. Тэд Бээжинтэй хэрэгтэн солилцох хуулийг эсэргүүцсэнээр сая сая иргэн гудамжинд жагсаж, бие даасан бүрэн эрхт байдлаа хүсэмжлэх болсон юм.
Энэ удаагийн Ардын төлөөлөгчдийн их хурлаар авч хэлэлцэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал үндэсний хэмжээнд хялбархан хэрэгжүүлэх ба эсэргүүцлийг дарах, эрх чөлөөг хааж боогдуулна гэж барууны судлаачид үзэж байна.
Хонконгийн Ардчилсан намын дарга Ву Чи Вай өнөөдрөөс эхэлж их хурлаар авч хэлэлцэх Хятадын Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт нь нэг улс хоёр системийн тогтолцоог төгсгөл болгоно гэдгийг албан ёсоор зарлан мэдэгджээ. Мөн Иргэний намын гишүүн Деннис Квок “хэрэв шинэ хууль батлагдвал нэг улс хоёр системийн тогтолцоог үгүй хийгээд зогсохгүй Хонконг цаашид оршин тогтнох боломжгүй болно” гэжээ. Тус намын гишүүн Танья Чан “аюулгүй байдлын шинэ хууль батлагдсан өдөр бол Хонконгийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй хар өдөр болно” гэв.
Хонконгийн залуусын дуу хоолой болон ардчиллын төлөөх жагсаалыг тэргүүлэгч оюутан тэмцэгч, улс төрч Жошуа Вонг Твиттертээ “Бээжин хонконгчуудыг чимээгүй болгож айдаст автуулан хүчээр дарангуйлах гэж байна” хэмээн дуу хоолойгоо хүргэжээ. Тэмцэгчдээс гадна АНУ-ын Төрийн департаментаас Хятадын Үндэсний аюулгүй байдлын хуулийг өөрчлөх нь зөвхөн Хонконгийн ард түмэнд нөлөөлөхөөс гадна эмх замбараагүй байдлыг өдөөж, хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын Засгийн газар энэ талаар тодорхой мэдээлэл өгөлгүй нэмэлт өөрчлөлтийг баталбал байр сууриа хатуухан илэрхийлэхээ ч дуулгав. Нэгдсэн улс Хонконгийн худалдаа болон хөрөнгө оруулалтад давуу эрх олгох эсэхийг авч хэлэлцэж байна. Энэ сард багтаж эцсийн шийдвэр гарна гэжээ.
Тэгвэл Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын эх сурвалжууд Бээжин Хонконгийг өөрсдийн хуулиа батлахыг хүлээх болон Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг үргэлжлүүлэн ажиглах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна.
Нөгөө талаас ирэх есдүгээр сард болох Хонконгийн орон нутгийн сонгуулиар өнгөрсөн жилийнхтэй адил ардчиллыг дэмжигч намууд дахин ялалт байгуулвал Бээжин хориг тавьж магадгүй юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар үндэстэн билээ гэж бодохгүй давхиад яах ч юм билээ дээ вирус дэгдэж хүнд байх үед бослого зарлаад байсан билүү үгүй билүү
hurliin hishuudiig harahad jg robotuudl ym shig ugui bizdee