”Care” аяны хүрээнд хандив цуглуулахаар Кристийс дуудлага худалдааны ордон 100 еврогийн үнэтэй хонжворт сугалааг дэлхийн 100 гаруй оронд цахимаар худалджээ. Сугалааны супер хонжвор нь нэрт уран зураач Пабло Пикассогийн 1921 онд зурсан Nature Morte нэртэй 1 сая еврогийн үнэтэй уран зураг байсан юм.
Парисаас зохион байгуулсан сугалааны тасалбарыг Италийн иргэн ээждээ зориулан худалдаж авч өгсөн байна. Хүүгийнхээ өгсөн тасалбараар 58 настай нягтлан эмэгтэй супер хонжворын эзэн болжээ.
Уг арга хэмжээг энэ жилийн эхэнд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч коронавирусийн цар тахалтай холбогдуулан хоёр ч удаа хойшилсон байна. Зохион байгуулагчид тус бүр нь 100 еврогийн үнэтэй 51,000 ширхэг тасалбар борлуулж 5,1 сая евро хуримтлуулжээ. Сугалаанд Америк, Франц, Швейцарийн иргэд идэвхтэй оролцсон байна. Ялагчийг цахим орчинд шууд дамжуулалтаар тодруулжээ.
Аяны хүрээнд цугларсан 4,2 сая еврогоор Мадагаскар, Марокка, Камерун улсуудын алслагдсан тогсонууд, сургуулиудад ундны цэвэр усаар хангах төслийг хэрэгжүүлэх юм байна. Монакогийн цуглуулагч тэрбумтан Дэвид Нахмад арга хэмжээг ивээн тэтгэж өөрийн цуглуулганд байсан Пикассогийн уран бүтээлийг худалдахыг зөвшөөрчээ. Тэрээр 900,000 еврог авч, үлдсэн 100,000 еврог Care аянд хандивласан байна.
Nature Morte Пикассогийн бүтээлүүд дундаас хамгийн жижиг хэмжээтэй нь бөгөөд өөрийн гарын үсгээ үлдээсэн байдаг ажээ. Зураг 23х46 см хэмжээтэй ба ширээн дээр сонин, хундага дарс тавьсныг дүрсэлсэн байдаг.
Эх сурвалж: ВВС, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.