Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт коронавируст цар тахал тархаж эхэлснээс хойш нэг хоногт хамгийн олон буюу 106,000 тохиолдол бүртгэгдсэнийг зарлажээ. Ковид-19 анх илэрснээс хойш бараг зургаан сарын хугацаанд 24 цагийн дотор хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн нь уг вирус дэлхий дээр эрдэмтдийн анхлан тооцоолж байснаас илүү удаан ноёлохыг харуулж байгаа юм.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус ядуу буурай болон дундаж орлоготой улс орнуудад халдварын тархалт нэмэгдэж байгаад ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн нийтэд коронавируст цар тахлын тохиолдол таван сая давлаа. Нас барагдсан тоо 330,000-д хүрээд байна. АНУ-д 1,6 сая орчим халдварын тохиолдол илэрснээр тэргүүлсэн хэвээр байгаа бол Бразил улсад 293,000 тохиолдол бүртгэгдэж Испанийг гүйцэж жагсаалтын гуравдугаарт орж ирлээ. ОХУ-д 308,000 хүн коронавирусээр халдварласнаар Америкийн дараа хоёрдугаарт байна.
Ердөө хоёр долоо хоногийн өмнө дэлхий даяар коронавирусээр халдварласан тохиолдол дөрвөн саяд хүрснийг зарласан бол ийнхүү хагас сар хүрэхгүй хугацаанд дахин нэг саяар нэмэгдлээ. Дэлхийн олон улс оронд коронавирусийн халдварыг илрүүлэх оношлогоо, шинжилгээ дутмаг байгаа тул халдварын бодит тоо баримт одоо мэдэгдэж байгаагаас ч их байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханомын нэмж мэдэгдсэнээр нэг хоногт бүртгэгдсэн 106,000 тохиолдлын дийлэнх нь буюу 2/3 нь ердөө дөрвөн улсад бүртгэгдсэн байна. Түүнчлэн халдварын тохиолдол өндөр илэрсэн улс орнууд эдийн засгаа аврахын тулд хорио цээрийн дэглэмээ сулруулж байгаад сэтгэл түгшиж байна гэдгийг тэрээр хэлжээ.
Тэр дундаа Бразил улсад халдвар эрчимтэй тархаж хоногт 20,000 орчим тохиолдол илэрсээр байна. Ойрын долоо хоногуудад Эрүүл мэндийн сайд нараа халсаар гурав дахь сайд ажлаа хүлээж аваад байна. Өмнө нь халагдсан хоёр сайд Ерөнхийлөгч Жайр Болзонарогийн вирусийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга барилыг хурцаар шүүмжлэн буруутгасан юм. Тус улсад халдварын тархалт оргил үедээ хүрэхэд дахин хэдэн долоо хоног байгаа бөгөөд алслагдсан бүсийн ядуу буурай оршин суугчдын дунд тархалт өндөр байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүллээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.