СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ш.Булган: Үргүйдэл гэдэг бол өвчин

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Гэр бүл, эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл нэмэгдэж, энэ нь Монголын нийгэмд бас нэгэн том асуудал болсоор байна. Тиймээс энэ удаа бид нөхөн үржихүй, эмэгтэйчүүдийн үргүйдлээр мэргэшсэн, олон гэр бүлд аз жаргалыг бэлэглээд буй, Эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч, АУ-ны магистр, “Бундан зүрх”Охид эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Ш.Булгантай ярилцлаа.

-Монголд үр шилжүүлэн суулгах хүсэлтэй гэр бүл цөөнгүй байдаг. Мөн ийм шалтгаантай эмэгтэйчүүдийн олонх нь гадны улс оронд үзүүлэхээр явдаг. Монголд үргүйдлийг оношилж эмчлэх эмч нар бас ховорхон байдаг. Харин таны хувьд, яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Би хүүхэд байхдаа ийм мэргэжилтэй болно гэж нарийн бодож төлөвлөж байсангүй. Гадаад хэл сонирхдог, тэр чиглэлийн мэргэжилтэй хүн болно гэж боддог байлаа. Гэхдээ гадаад хэлний ангид орж суралцаагүй, химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж суралцсан. Яагаад гадаад хэлний ангид ороогүй вэ гэхээр ээж минь багш мэргэжилтэй, тэр жил манай ангийг дааж авсан байдаг.

Тэгээд ээжийнхээ дааж авсан ангид орж сурахгүй гээд химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж суралцсан. Тэгээд VIII, X ангидаа улсын химийн олимпиадад амжилттай оролцож, байр эзлээд, конкурсны суурь оноогоор шагнуулах эсвэл МУИС-ийн Химийн ангид шууд элсэн орох эрхээр шагнуулсан. Элсэлтийн шалгалтад химийн хичээлийг давтахгүйгээр шууд элсэн орно гэдэг бол маш том боломж. Тэгээд тэр жилдээ аймагтаа гадаад хэл, физикийн хичээлээр шалгалт өгөөд, нэгдүгээр байранд орж, Анагаахын их сургуульд элсэн орсон. Энд суралцаж байхдаа мөн амжилттай суралцаж Японы HSB-ийн долларын тэтгэлэгт цалинтай суралцдаг байсан.

-Энэ мэргэжлээр суралцаж байхдаа “Эмчийн мэргэжил хүнд хэцүү” гээд шантрах тохиолдол гарч байв уу?

-Анагаахын сургуульд суралцдаг байхдаа заримдаа хичээл хэцүү гээд шантрах үе гардаг байсан. Гэсэн ч эмчийн мэргэжилд энэ бүх хичээлээс гадна харилцаа хандлага ямар чухал болох, өвчтэй хүнийг үзэхээс гадна харилцааны аргад суралцах гээд мэргэжилдээ илүү их шимтэн суралцсан. Мөн сургууль төгссөнийхөө дараа эх барих эмэгтэйчүүдийн чиглэлийг сонгож, нарийн мэргэшсэн. Мөн эндээсээ үргүйдлийн чиглэлээр нарийн мэргэшсэн. Одоо энэ мэргэжлээрээ ажиллаж байна.

-Өвдсөн нэгнийг эмчилж, эдгээгээд эмчийн мэргэжил өөрөө сайхан. Тэр тусмаа таны мэргэжил олон гэр бүлийг үр хүүхэдтэй болгоод бүр ч илүү их тус хүргэдэг байх. Мэргэжлээрээ бахархах үе олон байна биз?

-Эмч дээр хүн өвдсөн хойноо ч ирдэг, ямар нэгэн зовиур шаналгаатай үедээ ч ирдэг. Миний мэргэжлийн хувьд, баярлаж ирэх хүн олон байдаг. Мөн жирэмслэхийг хүсч, үр хүүхэд төрүүлэхыг хүссэн ээжүүд, гэр бүлүүд их ирнэ. Үргүйдэл гэдэг бол өвчин. Биед өвдөөд байх зовиур шаналгаа байхгүй ч цаагуураа сэтгэл санаагаараа, гэр бүлээрээ шаналж байдаг. Гэр бүлийнхэн, ойр дотны найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс нь “Үр хүүхэд төрүүлдэггүй” гээд ярьдаг. Тэр бүхнээс учир шалтгаанаа нуудаг, өөрийгөө тусгаарлачихсан хүмүүс байдаг. Хэдийгээр, анагаахын шинжлэх ухаанд дэвшил гарч, үр шилжүүлэн суулгадаг болсон ч эмэгтэй хүн бүрт тулгамдаж байгаа асуудлын учир шалтгааныг олж тогтоох боломжгүй байна. Тиймээс үргүйдлийн эмч нар энэ нарийн учир шалтгааныг олж тогтоох, жирэмслүүлэх, үр хүүхэдтэй болгож айл гэрт баяр жаргал авчрахаас эхлээд хийж буй ажлынхаа үр дүнг үзэх сайхан байдаг. Үр хүүхэдтэй болсноо дуулгаад “Эмч ээ хүүхэддээ таны нэрийг өгсөн” гэж хэлээд явж байдаг үйлчлүүлэгчид ч бас байдаг. Энэ мэтчилэн хийж буй ажлаасаа баяр бахдал, аз жаргалыг мэдрэх эмч хүнд хамгийн сайхан байдаг даа.

 -Та хичнээн хүн үзэж оношилсон байдаг бол. Үүнээс хэд нь үр хүүхэдтэй болж, үр дүнд хүрсэн байдаг бол гээд тэмдэглэл байдаг болов уу?

- Эмэгтэй хүн бүрт үр хүүхэдтэй болох боломж бий, огт жирэмсэлдэггүй хүн гэж байхгүй. Бүр боломжгүй бол Монголын уламжлалт арга ухаанд айлаас үр хүүхэд өргөж аваад, сэтгэл санааны тайвширлыг олох, ард нь үр хүүхэдтэй өнөр олуулаа болох гэх мэт сайхан аргууд хүртэл байдаг. Ямар нэг эрхтэний гажиг байхүй л бол манай эмэгтэйчүүд бүгд жирэмслэх боломжтой. Тэр утгаараа “Би ямар азаар энэ мэргэжлийг сонгосон юм бэ?” гээд баярлах үе олон байдаг. Би ойролцоогоор 200 гаруй хүнд ээж болоход нь тусалж байжээ. Хэзээ нэг өдөр “1000 үйлчлүүлэгчийн баяр” хийнэ гэж боддог. Энэ баярт ээжүүд маань үр хүүхдээ дагуулаад ирээсэй гэж боддог. Мэдээж, ирж уулзаад зөвлөгөө мэдээлэл авсан, шинжилгээ оношлогоо өгсөн хүмүүсээ тоолвол мянга хол давах байх. Гэхдээ үр хүүхэдтэй болоод, гэр бүлдээ аз жаргал бэлэглэсэн, ээж болох тэр их баяр жаргалыг мэдэрсэн эмэгтэйчүүдийнхээ хүрээнд энэ баяраа хийнэ гэж боддог.

 - Үргүйдэл гэхээр хүмүүс ганцхан эмэгтэйчүүдтэй холбож ойлгоод байдаг. Гэтэл энэ нь эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь хамаатай, гэр бүлийн асуудал, хувийн нууц байдаг. Энэ бүхнээс харахад эмчээс асар их хариуцлага шаарддаг байх?

-Эмчийн мэргэжил угаас сайхан мэргэжил. Хүн бусдад хэлээд байдаггүй нууцаа хэлж, эмчид хамаг итгэлээ тавиад ирдэг. Зарим эмэгтэйчүүд бүх амьдралынхаа туршид ганцхан өөртөө нууцаа хадгалаад, дотроо шаналж явдаг. Тухайлбал, анхныхаа хүүхдийг авахуулаад, түүнээсээ болоод үргүй болчихсон. Түүнийгээ гэр бүлдээ хэлдэггүй, тэр бүх учир шалтгааныг аав ээж, ах дүү, найз нөхдөөс нь илүү эмч хадгалж байдаг. Эмч хүн тэр бүх итгэл найдварыг дааж, хамгийн дотны зөвлөгч нь байж, эмчилж эдгээх үүрэгтэй гэдгийг мэдэрсээр, ажиллаж явна.

-Та улсын болон хувийн эмнэлэгт их олон жил ажилласан туршлагатай. Энэ их ажлын хажуугаар бас сурч мэдсэн, бусдад хэлэх зүйл олон байгаа байх?

-Би Ховд аймагт Бүсийн оношлогоо эмчилгээний төвд Төрөх тасагт их эмчээр ажиллаж байсан. Мэдээж, төрөх тасгийн эмч байна гэдэг ачаалалтай ажиллаж байлаа. Тэгээд амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод шилжин ирээд, Монгол Солонгосын хамтарсан “Ионсой” найрамдал эмнэлэгт 10 гаруй жил ажилласан. Энд ажилд орохдоо арын хаалга гэж хэзээ ч байдаггүй, эмч хүн ажлаа хариуцлагатай хийх ёстой гэдгийг хамгийн сайн ойлгосон. Мөн эмч нар нэг баг болж хамтарч ажиллах ёстой. Тэгж байж, тухайн хүний асуудлыг цогцоор нь шийдвэрлэдэг гэдгийг илүү их мэдэрч ойлгож авч байлаа. Зарим албан байгууллага, хамт олон дунд бие биетэйгээ өрсөлдөх жижиг зүйлс анзаарагддаг. Энд бие биетэйгээ яаж хамтарч ажиллах ёстой юм. Ажлын цагаар ажлаа яаж хариуцлагатай, үр бүтээлтэй хийх ёстой вэ. Хэнийг ч ялгаварлаж харилцахгүйгээр хүнд яаж туслах ёстой вэ гэдгийг энэ эмнэлэгт гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байхдаа сурч мэдсэн. Энэ мэтчилэн өдөр бүр ажил мэргэжлээсээ хамгийн сайхан сэтгэл ханамжийг авч байдаг.

-Эмч болохоор суралцаж байгаа хүүхэд залууст та юу хэлэх вэ. Мөн энэ мэргэжлээр ажиллаж байгаа залуу эмч нарт ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нэгэнт эмч болохоор зориод бэлтгэж байгаа, эмч болохыг хүсч байгаа хүүхдүүд бол эхний алхамаа хийчихсэн гэсэн үг. Ямар ч мэргэжлээр суралцсан, саад бэрхшээл, шантрах зүйлс бишгүй гарна. Тэр бүхэнд бууж өгөөд байвал өөр юуг даван туулж чадах вэ?. Тиймээс зорьсон зүйлдээ хүрэхийн тулд золиос ч хийж чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, анагаахын их сургуульд эмчээр суралцах бол сургуулиа төгстөл, эмчийн мэргэжлийг эзэмших хүртлээ гэр бүлийн амьдрал зохиохгүй байх гээд хувийн зүйлсээ төлөвлөөд, хичээгээд явж байдаг ч хүмүүс байдаг.

Хэрэв нэгэнт энэ ажлын байр дээр гараад ирсэн бол, эмч мэргэжлээр ажиллаж байгаа бол ухарч няцах хэрэггүй. Өөрийгөө дайчлаад хичээх хэрэгтэй. Ажлаа хийгээд явж байхад алдаж онох, мэргэжлийн алдаа гаргах зүйлс бас байдаг. Тэр бүхнээс суралцаад, эргэлт буцалтгүйгээр улам сайжрахын төлөө зүтгэх хэрэгтэй. Анагаах ухааны салбар хурдацтайгаар хөгжиж байна. Тиймээс цаг үеэсээ хоцрохгүйн тулд өдөр бүр сурч мэдэх, хөгжих ёстой гэдгийг манай эмч нар бүгдээрээ маш сайн мэддэг. Дээр нь, ажилдаа дуртай хүн л амжилт үзүүлнэ. Аль ч эмнэлэгт ачаалал их бий. Ялангуяа, улсын эмнэлгүүд ачаалал ихтэй ажилладаг. Амралтын өдөр ажиллах бол дотроо дүргүйхэн ажиллах үе ч байдаг.

Гэтэл хувийн эмнэлэгт ажиллах нь түүнээс ч илүү цаг завгүй, амралтын өдрүүдэд амрах завгүй ажиллах нь бараг хэвийн үзэгдэл болчихсон байдаг. Тиймээс анхнаасаа ажлын өдөр, амралтын өдөр гэж ялгаварлах сэтгэхгүйгээсээ салаад, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, ажиллаасай. Алдаа байвал түүнийгээ эртхэн олж хараад засч залруулаасай гэж боддог. Мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй ч ажил олдохгүй байгаа эмч олон бий. Тийм болохоор та нэгэнт ажлаа хийж л байгаа бол ачааллыг даван туулах чадвартай, эмчийн ажлыг чин сэтгэлээсээ бахархалтайгаар хийгээсэй. Зүгээр ердийн өдрүүд шиг цаг үрээх байдлаар битгий хандаасай. Би юу чадах вэ, надаас юу гарах вэ гэж хичээж зүтгэж ажиллаж чадвал та амжилтад хүрнэ гэж л зөвлөх байна.

Б.ТУУЛ


2020.5.21 ПҮРЭВ № 100 (6325)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Багш Н.Мягмар 88978166
4 жилийн өмнө
202.9.40.135

Өглөөний мэнд хүргэе. Ажил мэргэжилдээ дуртай, мэргэжлийн ур чадвар сайн , олон жил ажиллаж мэргэшсэн мундаг эмчид баяр хүргэж амжилт хүсье. Танай эмнэлэг хаана байдаг вэ? Утасны дугаараа үлдээнэ үү? Баярлалаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.