Хятадын нэгэн гэр бүл 1988 онд зочид буудлаас хайртай бяцхан хүүгээ хулгайд алдаж байсан бол тэд 32 жилийн дараа эргэн уулзжээ.
Мао Инь 1986 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр төржээ. Түүнийг хоёр настай байхад буюу 1988 оны аравдугаар сарын 17-ны өдөр аав нь цэцэрлэгээс аваад гэртээ харих замдаа алдсан байна. Хүүгийнх нь ам цангаж ус нэхэхэд Мао Жэнжин зочид буудлын үүдэнд зогсож халуун ус аван хөргөж байжээ. Түрхэн зуур анхаарал сарних тэр мөчид хэн нэгэн хүүг хулгайлчихав.
Шаньси мужийн Шиань хотод болсон энэ явдлаас хойш 32 жил өнгөрчээ. Мао Иний гэр бүл тун ухаалаг, өхөөрдөм, эрүүл саруул хүүгээ бууж өгөлгүй хайсаар л байжээ. Гэр бүлийнхэн нь хүүгийн зургийг Шиань хотын өнцөг булан бүрт нааж цөхрөлтгүй эрэл хайгуул болсон ч олж чадсангүй.
Хатагтай Ли хүүгээ эрж хайхын тулд ажлаасаа гарч 10 мужийн хотуудаар явж 100,000 гаруй зураг тараасан ч мөн л мухарджээ. 30 гаруй жил өнгөрсөн ч хүү нь хаа нэгтээ байж магадгүй хэмээн итгэл тээсээр телевизийн 300 гаруй шоунд хүсэлт тавьж оролцон тусламж гуйсан ч олдсонгүй. 2007 онд “Бяцхан үр минь гэртээ буцаад ир” сайн дурын бүлэгт нэгдэж хүүхдээ алдсан бусад эцэг эхчүүдэд туслах болсон байна. Хатагтай Лигийн ачаар 29 хүүхэд төрсөн эцэг эх, гэр бүлээ олсон ч өөрийнхөө хүүг хараахан олоогүй л байв.
Эцэс төгсгөлгүй их эрлийн дүнд энэ жилийн дөрөвдүгээр сард Шиань хотоос 1,000 км зайтай Сичуань мужид нэгэн залуу жаахан байхдаа үрчлүүлсэн тухай мэдээлэл бүртгэгджээ. Үрчлэгдсэн хүү 34 настай бөгөөд ДНХ-ийн шинжилгээгээр Мао Жэнжин, Ли Жинжи нарын хүү мөн болохыг баталжээ.
Мао Инь өнгөрсөн хугацаанд өөр нэрээр бус Гу Ниннин гэдэг нэрээр амьдарч, гэр ахуйн чимэглэлийн бизнес эрхэлсэн нас биед хүрсэн залуу болжээ. Түүнийг хулгайлсан этгээд хүүхэдгүй айлд 6,000 юань буюу 840 ам.доллараар худалдсан байна. Мао Инь төрсөн эцэг эхээ олсон тул тэдэнтэй илүү их цагийн хамт өнгөрөөнө гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Хятадад тавдугаар сарын 10-ны өдрийг ээжүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хатагтай Ли хүү нь олдсон гэсэн хамгийн том бэлгээ авчээ. 1988 онд гарсан хэргийн мөрдөн шалгах ажил одоо ч үргэлжилж байгаа ажээ. Учир нь хүүг үрчилж авч өсгөсөн гэр бүлийн талаарх мэдээлэл олдоогүй байна.
Олон арван жилийн турш Хятадад хүүхдийн хулгай, хууль бусаар наймаалах явдал эрх баригчдын толгой өвтгөсөн асуудал хэвээр байгаа юм. Засгийн газрын албан ёсны тоо баримт ховор ч “Бяцхан үр минь гэртээ эргээд ир” бүлгийн цахим хуудсанд ор сураггүй болж хулгайлагдсан 14,893 хөвгүүн, 7,411 охиноо эрж хайж буй мэдээлэл бүртгэгджээ. 2015 онд Хятадад 20,000 хүүхэд хулгайлагдсан мэдээлэл байна. Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах яамнаас ДНХ-ын мэдээлэл дээр үндэслэн 6,000 хүүхдийг олсон тухай 2009 онд мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.