10 мянган долларын үнэтэй тэнцэх ариун цэврийн цаас, гар ариутгагч худалдан авч, дарсан австрали эр бараагаа буцаах гэж оролдоход нь дэлгүүрээс татгалзжээ.
Австрали дахь “Drakes” сүлжээ супермаркетын захирал Жон-Пол Дрэйк “Өчигдөр бидэн дээр 32 ширхэгтэй 150 багц ариун цэврийн цаас, нэг литрийн гар ариутгагч 150 ширхэгийг буцаах хүсэлтэй нэгэн үйлчлүүлэгч ирсэн” гэв.
Энэхүү эрэгтэй эдгээр барааг “eBay” цахим дуудлага худалдааны дэлгүүрт зарж чадаагүйн улмаас мөнгөө буцааж авах хүсэлт гаргасанд дэлгүүрийн удирдлагууд татгалзсан хариу өгчээ. Уг эрэгтэй тэдэнд “Миний eBay хуудсыг хаасан тул би ашиг олж чадахгүй болсон” гэж хэлсэн байна.
Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар олон хүмүүс сандралдан, ариун цэврийн цаас, гар ариутгах хэрэгсэл гэх мэтийг ихээр худалдан авч, нөөцлөх болсон. Үүний улмаас Дрэйкийн болон бусад олон супермаркетууд нэг үйлчлүүлэгч нэг удаад худалдаж авах барааны хэмжээг хязгаарласан билээ.
Харин энэхүү 10,000 долларын бараа худалдан авсан эрэгтэй супермаркетыг хуурч дөнгөжээ. "Энэхүү бүтээгдэхүүнийг нэг удаад нэгийг л худалдан авах боломжтой тул энэ эрэгтэй бүхэл бүтэн баг ашигласан байна. Тэгэхээр тэд 150 ширхэг тусдаа худалдан авалт хийсэн гэсэн үг. Үнэхээр ичгүүргүй. Манай баг иймэрхүү асуудалд илүү анхаарал тавьж, хүмүүс хэрэгцээнээсээ илүүг худалдан авч байгаа эсэхийг хянах шаардлагатай болж байна. Энэ маш хэцүү” хэмээн Жон-Пол Дрэйк “3AW” радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.
Эх сурвалж: myfox8.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.