Бүгд найрамдах Казахстан Улсын иргэн Ж.Марат, Монгол Улсын иргэн Э.Оюунчимэг нар 2017 онд Монгол Улсад “Жи тайм” гэх нэртэй сүлжээний луйврыг байгуулж, Монгол Улсын 11,385 иргэнийг, 22 тэрбум төгрөгөөр хохироосон гэх хэрэг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжиж иржээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.Оюунчимэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн уг хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тус шүүхэд ирсэн байна.
Олон мянган хохирогчтой 581 хавтаст хэрэгтэй тус хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид 2018 оны тавдугаар сард хянаж дууссан гэх боловч хэтэрхий олон хохирогчтой байсан учраас шүүхэд шилжих процесс хоёр жил сунжирсан бололтой.
Хэргийг сануулбал, Казахстан улсын иргэн Ж.Марат 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Жи тайм корпорэйшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийг байгуулж, тухайн үеийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байжээ.
Тус компаниа байгуулсан даруйдаа Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэмжлэгтэй байгуулагдсан “Жи Тайм” корпораци дэлхий дахинд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тус корпорацийн Монгол дахь салбар болох “Жи тайм корпорэйшн” ХХК-ийг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжиж байгаа гэдэг хуурамч мэдээллийг цацсан нь олон нийтэд асар их итгэл үнэмшил төрүүлжээ.
Улмаар “Бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ” гэх тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлэх замаар Монгол Улс орон даяар 12,000 хүнийг хамарсан санхүүгийн пирамидыг босгож ойролцоогоор 22 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Хамгийн ноцтой нь БНКУ-ын иргэн Ж.Марат нь монголчуудаас залилсан мөнгөний зургаан тэрбумыг нь Казакстанд байгаа гэр бүл рүүгээ шилжүүлж чадсан төдийгүй, гадуур шалгагдаж байх үедээ Монгол Улсын хилээр гарч ор сураггүй болоод байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.