Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Монгол улсад коронавирусийн 136 тохиолдол бүртгэгдэж, 21 хүн эдгээд байгаа.
ОХУ-д өвчлөл өндөр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Одоогийн байдлаар тус улсад 281 мянган хүн халдвар авч, 2631 иргэн нас барсан. Халдвар авсан хүний тоо өдөрт 10, 10 мянгаар нэмэгдэж байгаа учир хил залгаа Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймгийн иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ХӨСҮТ-өөс санууллаа.
Хэдийгээр Европын бүсэд байдал тогтворжиж байгаа боловч вакцин гартал амны хаалт байнга зүүх, аюулгүйн зайг баримтлахыг ДЭМБ сануулсаар.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:
-Гурван хүн эдгэж гарлаа. 19,20 настай хоёр оюутан, 53 настай эмэгтэй эмнэлгээс гарч, сувилал руу шилжлээ.
Дөрвөн шинэ тохиолдол илэрлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан нэг оюутнаас давтан шинжилгээгээр, Дарханд 1, Орхонд хоёр тохиолдол илэрлээ. Бүгд ОХУ-аас ирсэн оюутан. ОХУ-аас 340 сонсогч ирснээс одоогоор 57-гоос нь халдвар илрээд байна. Иймд Орхон, Дарханд илэрсэн тохиолдлуудыг ХӨСҮТ-д татан авчрах ажиллагаа явагдаж байна. Одоо бидний нэн тэргүүний зорилго бол дотор ажиллаж байгаа эмч, ажиллагсдыг халдвар авахуулахгүй байх. Дэлхий дээр 90 мянган эмнэлгийн ажилтан халдвар аваад байгаа. Ийм учраас хамгаалах хувцсыг ариутгах мананцрын аппарат хоёрыг авсан. Мананцрын дөрвөн кабинет захиалсан.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ОХУ-аас оюутан, зорчигч 400 гаруй хүн орж ирсэн. Орхонд 119, Дарханд 135, Сэлэнгэд 20, Төв аймагт 132 иргэнийг тусгаарлаад байна. ОХУ-аас орж ирсэн иргэдээс 40 тохиолдол илэрсэн. Нийт илэрсэн хүмүүсийн дийлэнх нь оюутан байгааг та бүхэн мэдэж байгаа. Заримаас нь 14-15 хоногийн дараа халдвар илэрч байгаа учир тусгаарлах хоногийг 21 болгож нэмэгдүүлсэн.
ОХУ-аас ирсэн оюутнуудыг буруутгах хандлага нийгэмд байгаад санаа зовж байна. Хэн ч тусаж болох учир та бүхэн тэднийг элдвээр доромжилж, эдгэх процесст саад учруулахгүй байхыг хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.