Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ хамтран Цаг агаар огцом муудах талаар мэдээлэл хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “Энэ сарын 15-наас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг болон төвийн бүсийн зарим аймгуудаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, зарим үед гамшгийн түвшинд хүрч болзошгүй байгаа тул урьдчилан сэргийлэх мэдээлэл хийлээ.
Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын албыг гурван хоног түр зогсоож байна” гэсэн юм.
Цаг агаарын гамшигт үзэгдэл хаагуур болох талаар ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ сарын 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар Төв, Дундговь аймгийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр хүрч, зарим үед секундэд 34 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Төв, Хэнтийн аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдана.
Бусад аймгуудын хувьд цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдана. Үүнд Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутгаар Төв, Дундговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна.
Энэ сарын 14-15-ны шилжих Төвийн аймгуудын хойд нутаг, Хэнтийн аймгийн нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулав.
Яагаад ингэж иргэдэд анхааруулж мэдээлж байгаа талаар дараах тайлбарыг өгсөн юм. Дээрх аюулт үзэгдэлтэй маш төстэй аюулт үзэгдэл 2008 оны тавдугаар сарын 26-27-ны хооронд дээрх хэлсэн аймгуудад болж байжээ. Тухайн үед Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 28-34 метр хүрч хүчтэй салхины гамшигт үзэгдэл болсон. Түүнчлэн Хэнтий аймгийн нутгаар шороон болон цасан шуурга болж байсан. Дараа нь Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдаж байжээ.
Тухайн үед иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байсан ч 52 иргэн амиа алдаж, 324 мянган орчим мал хорогдож, холбооны болон эрчим хүчний шонгууд унаж, 100 гаруй гэр, байшингийн дээвэр нурсан байдаг.
Хүний амь нас хохирсон нь 2008 оны тавдугаар сарын 26-ны өглөө цаг агаарын хувьд маш гоё дулаахан, багавтар үүлтэй байсан. Энэ үед иргэд нимгэн хувцаслаж, малаа бага насны хүүхэдтэй хамт холын бэлчээрт явуулсан байдаг. Ингээд үдээс хойш гэнэт цаг агаар муудаж, хүчтэй шороон болон цасан шуурга болсон.
Тэгвэл маргааш болох цаг агаарын гамшиг үзэгдлийн хувьд мөн адил дээрх байдал ажиглагдаж өдрийн 14:00 цагийн орчимд цаг агаар муудна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.