АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв | 2 долоо хоногийн өмнө

ХАЛУУН СЭДЭВ: Б.Болор-Эрдэнэ: Орон нутгийн иргэд сэтгэл дүүрэн амьдрах боломж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.Будрагчаа
2 долоо хоногийн өмнө

LIVE телевизээс бэлтгэн хүргэдэг “Халуун сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт ИТХ-ын төлөөлөгч, “Хашаандаа сайхан амьдаръя-Хэнтий” төсөл, “Баялаг бүтээгч малчин” хөтөлбөрийн санаачлагч, Ерөнхий зохицуулагч Баатарын Болор-Эрдэнэ оролцлоо.

ИТХ-ын төлөөлөгч Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ:

Би ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын зэрэгцээ сүүлийн 14 жилийн турш “Олон улсын судалгаа хөгжлийн төв”-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллалаа. Миний бага нас Хэнтий аймгийн Цэнхэр суманд өнгөрсөн. Тиймээс нүүдэлчин өв уламжлалаа өвлөн авах, улам хөгжүүлэх чиглэлээр сүүлийн үед ажиллаж байна.

Хашаандаа сайхан амьдрах боломж хөдөө орон нутгийн иргэдэд бүрэн дүүрэн байгаа. Манай Хэнтий аймгийн иргэдийн 86.6 хувьд нь хашаанд амьдарч байгаа боловч тэдгээр өрхүүдийн 45-50 хувь нь хашааны газраа ашиглаж чадахгүй байна гэдэг судалгаа гарсан. Айл өрхүүд хашаандаа нэг байшин юм уу гэр бариад хашааныхаа буланд уламжлалт нүхэн жорлонг барьсан байдалтай амьдарч байна.

Хэдий болтол ингэж амьдрах билээ. Дэлхийн хөгжлийг хараад байхад хөгжингүй орны иргэд нийтийн орон сууцнаас аль болох татгалзаж хувийн эдлэн хашаанд тохилог орчныг бий болгоод амьдрахыг илүүд үздэг болсон шүү дээ.

Иргэд хашаандаа сайхан амдрах бүх боломж иргэдэд өөрсдөд нь л байгаа. Дээшээ тэнгэрт залбирч, төр засгийнхаа гарыг хараад байвал сайхан орчин нөхцөлийг өөртөө бий болгож чадахгүй.

Тухайлбал, өөрийнхөө жишээн дээр яръя. Манай аав ээж хоёр маш хөдөлмөрч хүмүүс учраас Цэнхэрмандал сумандаа хамгийн том байшинг өөрийнхөө гараар барьж, хашаандаа хүнсний ногоогоо тарьж, гахай үржүүлж, саалийн үнээтэй байдаг байлаа. Миний санахын хашаандаа элс асгаж хүүхдийн тоглоомын талбай босгосон айл ганцхан манайх л байсан учраас “Соёлч өрх”-өөр шалгардаг байсан.

“Хашаандаа сайхан амьдаръя-Хэнтий” төслийг хэрэгжүүлэхийн тулд тухайн сум баталгаатай эрчим хүч, цэвэр усны нөөцийг бий болгочих ёстой юм. Ингэсэн байхад иргэд маань өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан хашаандаа жимсний бут сөөг ургуулсан сайхан орчин нөхцөлийг бий болгох боломж байна.

Би хөгжлийн галыг дүрэлзүүлэх эхний цучлыг ийнхүү асааж байгаа. Энэ ажлаа өргөжүүлэхийн тулд Хэнтий аймгийн сум болгонд нэг нэг зохицуулагчийг гаргаад байгаа. Тэр зохицуулагч нь хэн бэ гэхээр тухайн сумандаа хамгийн сайхан орчин нөхцөлийг бүрдүүлсэн хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүс маань бусдадаа туршлагаа хуваалцаад сайхан орчинг нөхцөлийг бүрдүүлэх саналаа хэлж харилцан хөгжиж байна.

Сүүлийн үед мал махны үнэ өслөө. Үүнийг дагаад малчид хамгийн баян хүмүүс боллоо гэх өрөөсгөл ойлголт нийгэмд гарсан. Малчны хөдөлмөр маш хэцүү. Үүрийн таван жингээс үдшийн бүрий тасартал, зарим үед шөнө хүртэл ажилладаг. Жилийн дөрвөн улиралд байгалийн хатуу хэцүү цаг уурт зохицон амьдарч буй тэднийг ойлгож, хүлээн авах ёстой.

Баялаг бүтээгч малчин гэж юуг хэлээд байна вэ гэхээр мал аж ахуйд түшиглэн баялаг бүтээдэг хүмүүсийг хэлж байна. Үүнээс үүдэлтэйгээр нэмүү өртөг шингэсэн малын бүтээгдэхүүнийг бий болгож чадахгүй байна. Малчдыг зөв зохион байгуулалтад оруулж, сургаж чадвал өрхийн хөдөлмөр эрхлэгч биш харин нэгдсэн үйлдвэрлэлийг бий болгох боломж байна.

Тэр нь юу вэ гэхээр малынхаа сүүг саадаг хэсэг гнь нэг тусдаа, үржүүлдэг хэсэг нь тусдаа болох хэрэгтэй. Харин саасан сүү, үржүүлсэн мал, махыг нь тээвэрлэдэг, түүнийг нь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг, гаргасан бүтээгдэхүүнийг нь том зах зээл рүү нийлүүлдэг гэх мэтчилэнгээр дагнаад эхэлбэл маш хурдан өргөжиж хэн хэндээ өндөр үр ашиг боломж өгөх боломж бүрдэнэ. Энэ бүх үйл явцын үр шим нь малчдад хамгийн түрүүнд хүрэх учраас нэгдээрэй хэмээн хэлэх  байна.


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.