СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УОК: Маргааш Турк улсаас, энэ сарын 18-нд Энэтхэг улсаас иргэдээ татан авчирна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас БНЭУ болон Турк улс руу хөөргөх тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлж байгааг та бүхэнд шууд дамжуулан хүргэлээ

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “УОК-оос өгсөн үүргийн дагуу гадаадаас иргэдээ үе шаттай авч байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Ойрын хугацаанд Турк болон Энэтхэг улсаас иргэдээ татан авна. Маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 13-нд МИАТ компани Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнээ татан авахаар боллоо. Онгоц энэ сарын 14-нд буюу нөгөөдөр Улаанбаатарт газардана.

Харин БНЭУ-аас тавдугаар сарын 18 хавьцаа тусгай нислэг үйлдэх төлөвтэй байна. Эцэслэж шийдээгүй. Дели хотын нисэх буудалтай тусгай үүргийн нислэг буулгах талаар ярилцаж байна. Тус улс дахь Элчин сайдын яаман дээр иргэдийн нэрсийг баталгаажуулах ажил хийгдэж байна.

БНЭУ өнгөрсөн гуравдугаар сард бүх олон улсын нислэгээ цуцалж, хөл хорио тогтоосон. Тус улсаас эх орондоо ирэхээр манай улсын 480 иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд ажээ

Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 1000 гаруй оюутан бий. Энэ сарын 14-ний өдөр Улаан-Үүд орчмоос 202 иргэнийг татан авах бол тавдугаар сарын 15-нд Эрхүү орчмоос 200 орчим оюутан, иргэнийг татан авахаар шийдвэрлэсэн. Улаан-Үд, Эрхүүгийн консулын газарт бүртгүүлсэн иргэд Алтанбулагийн боомтоор орж ирэх боломжтой. ОХУ-ын бусад бүс нутагт байгаа иргэдийг ойрын хугацаанд татан авна" гэлээ. 

Олон улсын эрүүл мэндийн дүрмээрээ ДЭМБ-ын гишүүн орнууд тухайн улсад буй иргэнээ үнэгүй оношилж, үнэгүй эмчилж байгаа. Гадаадад буй Монгол хүн визийн зөрчилтэй бус л бол үнэгүй эмчлүүлнэ

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "Турк болон дараагийн нислэгүүдээр ирэх иргэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв, гүйцэд бөглөх нэн шаардлагатай. Энэ хуудсаар таныг эх орондоо ирсний дараа хаана хувиарлахыг шийддэг. Тусгай үүргийн онгоцонд МХЕГ-ын хоёр байцаагч сууж, үйлчилгээ үзүүлж, асуумж авдаг. Энд ирэхийн өмнө бэлтгэл ажлыг хангуулдаг.

Иргэд бэлтгэл ажлаа хангах нэн шаардлагатай байна. N95 маск заавал зүүх, суудлаа солихгүй байх, аль болох онгоц дотор шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, олон цаг нисэх учраас хувийн бэлтгэлээ базаахыг сануулж байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.