Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн уурхайн "Уул-II" талбайд дөрвөн хүн нурангад даруулж, амиа алдсан. Хэргийг эргэн сануулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг, Баянголын аманд олныг цочирдуулсан энэхүү үйл явдал болсон байдаг. “Эко Алтан Заамар” компанийн аюулгүй ажиллагааны горим алдагдаж, алт л гаргаж байвал, хүний амь падгүй” гэх улангассан шуналын гайгаар зургаан хүн хөлдүү цүнхээлд живж, барьж явсан техник, багажтайгаа хөрс шороон доор дарагдсан уйт явдлыг бид мартах ёсгүй. Улсаас хэр хэмжээний зардал, чирэгдэл, хүн хүч ажиллуулж байж хоёр хүнийг уул шиг овоолго дороос гаргаж ирснийг монголчууд нийтээрээ санана.
Гэтэл өдгөө Монголын уул уурхайн салбарт алт, хүдэр олборлож, газрын гагнаас болсон ховор элементэд эзэн суусан “Эко Алтан Заамар” гээч компани Булган аймгийн Бүрэгхангайг ухах их ажлаа хэдийн эхлүүлчихсэн, олборлолтын ажил нь жигдэрчихсэн байна. Уул уурхайн нүсэр техникүүд өдөр шөнөгүй Дэрстийн хөндийд сүлжилдэн ажиллаж байгаагаас гадна мянга гаруй залуу “Баян” Базараагийн хүслийг хангаж, төрж өссөн нутгийнхаа газар, усыг шавхах их ажил өрнүүлж байна. Үүндээ тэд гэмшсэн ч шинж алга, “Цалингаа л цаг тухайд нь авч байвал Бүрэгхангай, байгаль, дэлхий ч яамай” гэцгээх нь гунигтай.
Тэгвэл эдгээр залуусын хүчийг алт олборлож, Туул голыг ширгээх нүгэлт үйлсдээ хоёргүй сэтгэлээр зүтгүүлэх болсон “Баян” Базараа гэгчид хууль, эрхзүйн хүрээнд хэн Туулын хөвөөнд туйлах эрх олгов гэдгийг Бүрэгхангайн малчид Монголын төрийн тамгыг гартаа атгасан түшээдээс асууж байна. Монголын уул уурхайд Р.Базар гэгчийн нэр яригдаж эхэлсэн цагаас л атганд нь орж, халаасанд нь багтсан хэд хэдэн яам, төрийн удирдлагууд байсаар ирсэн нь Уул уурхайн яам, МХЕГ, ЦЕГ, БОАЖЯ, АМГТГ-ын үе үеийн тамга баригчид. Мөн Говь-Алтайн болон Заамар, Булганы Бүрэгхангайн Засаг ноёд “Баян” Базараагийн баялгийн тэгш бус хуваарилалтаас бялуу хүртээд амаа үдүүлсэн мэт дуугүй, нүдээ таглуулчихсан мэт харалган болчихдог нь энэ цагт ч байсаар.
Хэрэв дээрх газруудын удирдах шатны албан тушаалтнууд шат шатандаа ажлаа хийсэн бол өдийд Бүрэгхангайн өрцөнд “Эко Алтан Заамар” гэх нэр нь “цусаар” будагдчихсан компани хуулийн дээгүүр жаалж, алт олборлох нь бүү хэл, амь нэхсэн олон шатны шүүхийн хаалга татаад үнэнд гүйцэгдэх байв. Гэвч ийм үйл явдал огтхон ч болсонгүй. Олон аав, ээж, хань, ижил, үр хүүхдийг өнчрөл, хагацал дунд живүүлчихсэн “Баян” Базараа эрдэнэт хүний амь үрэгдсэн аймшигт хэргийг мартуулах, намжаах үйл ажиллагааг эрчимтэй хийсний үр дүнд өдгөө монголчууд хормын зуурт бидний дундаас явсан дөрвөн хүнээ хэзээ ч дурсан санахааргүй мартаад эхэллээ. Алтнаас үнэтэй амь гэж байдаг юм уу, Р.Базар аа.
“Эко Алтан Заамар”, “Бүрдэл майнинг”, “Алтайн хүдэр” компанийн цаад эзэн болох “баян” хэмээх Р.Базарын ар тал, хэлхээ холбоог нийтэд дэлгэх нь нэг ёсны “Төрийн нууц” гэмээр болжээ, өнөөгийн нөхцөлд. Учир нь, түүний шууд хамаарал бүхий дээрх компаниудын улсын бүртгэл Раднаабазарын Базар гэгчийн нэр дээр нэг нь ч бүртгэлгүй байдаг бөгөөд “Эко Алтан Заамар” компани л гэхэд П.Төмөрцэцэг гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Харин “Алтайн хүдэр”- ийн тухайд 2006 онд байгуулагдсан гэдэг. Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэж танилцуулдаг ч үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй компани. Энэ мэтээр баялгийн ашгийг далдаас хүртэгч түүнийг монголчууд нэрнээс өөрөөр танихгүй ээ.
Учир нь, тэрбээр Монголын улс төрд том артайгаас гадна уул уурхайд хортой нэгэн. Р.Базарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2018 оны долдугаар сарын 16- ны өдөр 2018/02 тоот дүгнэлт хүргүүлснийг хэрэгжүүлсэн, хэрэгжихэд нь хуулийн шахалт үзүүлсэн албан тушаалтан байна уу. “Байхгүй ээ. Ингэж хэлэхийн учир нь Н.Цэрэнбат сайдын хүргүүлсэн “Эко Алтан Заамар” компанийн MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнгийн гарт очоод хаачсан нь мэдэгдэхгүй баларсан байх магадлалтай, учир нь тэд халаас нэгтэй” хэмээсэн эх сурвалжийн яриаг сийрүүлье. АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нь “Эко Алтан Заамар”-аас хувь хүртдэг, Р.Базарын олон лицензийн хамтрагч байсан гэдгийг онцолж байгаа юм. Энэ үнэн үү, Х.Хэрлэн дарга аа. “Кадастрын” гэгддэг Х.Хэрлэнг Хэнтий аймгаас улс төр, бизнесийн хүрээнийхний дунд орсон гэдгийг олонх мэднэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын генсек байх үеэс шадар туслахуудынх нь нэг байсан түүнийг 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны даргаар томилж өнөөгийн Х.Хэрлэнг бий болгосон түүхтэй. Тэрбээр лицензийн хууль бус наймааг Монголд хөгжүүлсэн урт гартай нэгэн гэдгийг ойр тойрныхон нь мэддэг ч өөрт нь хэлдэггүй нь түүнийг уул уурхайн томоохон компаниудын хувьцаа эзэмшигч болох замыг зассан байдаг. Тэгэхээр энэ мэт уул уурхай, улс төр дагасан угшил нь Р.Базар, Х.Хэрлэн нарыг учран золгоход нь жим болжээ. Тэгэхээр Р.Базартай холбоотой уул уурхайн лиценз цуцлах, эсэх асуудал АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгийн гарт ороод замхарчихсан гэх яриа үнэн юм биш биз дээ. “Баян” Р.Базар нь мөн Сангийн сайд асан С.Баярцогтын үй зайгүй сайн найз нь гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос С.Баярцогтын оффшор дансны холбоотнууд хэмээн нэрлэгдсэн гурван эрхмийн нэг нь Р.Базар байв. Тус холбооноос АПУ компаниар овоглодог, “Шунхлай” группийн эзэн П.Батсайхан, “Ньюком” компанийн ТУЗ-ийн дарга Ц.Болдбаатар, “Алтайн хүдэр” уул уурхайн компанийн захирал Р.Базар нарыг зарлаж байсан. С.Баярцогт ч өөрөө найз нартайгаа нийлж компаниа байгуулсан хэмээн баталдаг билээ. Ямартай ч Р.Базарын эзэмшлийн “Алтайн Хүдэр”, “Эко Алтан Заамар” компанийн уурхай, ажлын байрууд дээр удаа дараалан хүний амь эрсдэж байсан ч хэн ч хариуцлага хүлээлгүй хаагдсаар буй нь энэ мэт улс төр дэх эрх ашиг, хэтэвч нэгтэй найзуудынх нь ач ч байж мэднэ.
Мөн Р.Базарын ард Ч.Сайханбилэгийн нэр ч мөн дуулддаг. Тэгэхээр уул уурхайн магнат түүнд аль ч төрийн үед ард нь цайз мэт зогсож байсан улс төрчдийн арми, асаалттай танк мэт хамгаалалтад зогсож байжээ. БОАЖЯ-наас АМГТГ-т хүргүүлсэн “Эко Алтан Заамар” компанийн лиценз цуцлуулах хүсэлт болон МХЕГ-аас хийсэн шалгалтын зөрчил арилгуулах шаардлагууд яагаад Х.Хэрлэн даргын гарт очоод замхардаг болох сэжим нь дээрх улстөрчдийн учир холбоосоор аяндаа тайлагдах шиг. Р.Базарын компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахгүй цааргалаад байдгийн үнэн энэ мөн үү, Ерөнхий сайд аа.
Хэнтий нутгаас нэр нь цуурайтсаар Монголын хамгийн чухал салбарыг атгах болсон Х.Хэрлэн гэгч Р.Базарын алт, төмрийн хүдэр олборлодог компаниудаас чимээгүй сууж байгаад хувь хүртдэг юм биш биз дээ. Тиймгүйсэн бол “Эко Алтан Заамар”, “Алтайн Хүдэр”,“Бүрдэл майнинг” компаниуд хаа дуртай газраа техникээ зоож, кемпээ байршуулаад баялаг сорчлоод явах ёсгүй л баймаар. “Баян” Базартай нэр холбогдсон хүн бүрийг хөөвөл энэ цагийн улс төр дэх шударга, үнэний дуу хоолой гэх имижтэй “нөхөд”-ийн нэр ч цуврах нь ээ.
МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга н.Батмөнх “Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар улсын байцаагчийн есөн заалттай дүгнэлтийг өнгөрсөн жилийн өдийд Уул уурхайн сайдад хүргүүлсэн байдаг. Уг компани нь улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхой болж байлаа. Мөн ТЭЗҮ-г шинээр боловсруулахдаа байгальд нөлөөлөх байдлын нарийн үнэлгээ хийгээгүй. ТЭЗҮ-д тусгагдсан зураг төслийн дагуу мөрдөгдөх ёстой параметр, уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг зөрчлийг “Баян” Базарын уурхайгаас илрүүлсэн байдаг ч үнэндээ зөрчлийг арилгуулж дөнгөөгүй нь үнэн.
Тэгвэл өдгөө ч Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Бүрдэл майнинг”-ийн үйл ажиллагаа, бичиг баримт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг шалгаж, нягтлаагүй байна. Тиймээс зүсээ хувиргаж, алт олборлох газраа өөрчилчихсөн байгаа “Бүрдэл майнинг”-д дахин хүний амь эрсдэхгүй гэх баталгаа байхгүй тул төлөвлөгөөт бус гэнэтийн шалгалт хийж өгөхийг энэхүү нийтлэлээрээ дайя. Ингэхдээ тус компани урт нэртэй хуулийг зөрчин Туул голын урсац, голдирлыг талаар нэг урсгаад уурхайн хүн техникүүдээ Туулд зоочихсон өдөр, шөнөгүй ажиллаж байгааг анхаарч өгнө үү.
“Эцэггүй хүүхдийн толгой том” гэж үг бий. Яг үүн шиг уурхайд нь хүний амь нас эрсэдсээр байхад ч алт олборлох үйл ажиллагаанд бүхий л амьдралаа зориулж, Монголын хууль, эрхзүйн зохицуулалтыг уландаа гишгэн байгаа Р.Базар гэгчид Монгол Улсын Ерөнхий сайдын сэлэм одоо л хэрэгтэй байна. У.Хүрэлсүх сайд аа, таны гаргасан шийдвэр Р.Базар гээчийн өмчийн компанид үйлчлэхгүй байна. Байгаль орчныг доройтуулж, хөрс эргүүлж, гол ус ширгээж, амийг нь тасдаж байгаа “Бүрдэл майнинг”-ийн тусгай зөвшөөрөл, ашиглалт, олборлолтын лицензийг цуцлаж, шударга бусыг онилох сэлмээ эргүүлж өгнө үү.
Б.Мөнх
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АЛТ ХӨТӨЛБӨР БАТЛААД ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЯВЖ БАЙНА !!! НААД УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЧИНЬ СӨНӨЛӨӨ !!! ТЭТГЭВЭР , ХАЛАМЖ , ЦАЛИНГАА ТАВЬЖ ЧАДАХАА БОЛИХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙНА !!
Bazart mongoliin huuli uilchlehee bolijee