СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Батзаяа: Монгол хуулийн компанитай хамтран, гадаад хуулийн компаниа сонгоод явах нь тун зөв гаргалгаа

Нийтэлсэн
8 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 жилийн өмнө

 "Ананд Адвокатс" ХХН-ийн партнер, өмгөөлөгч Б.Батзаяатай уулзаж ярилцлаа.

-Эдийн засаг өргөжин тэлж буйтай зэрэгцэн олон улсын компаниуд орж ирдэг. Тэр хирээр манай хуульчид, хуулийн ур чадвар харагдаад эхэлчихсэн жишээ олон. Ингэхэд Монголд яг нэг чиглэлээр мэргэшиж, онцгойрсон өмгөөлөгч хэр олон бэ. Эсвэл бид олон улсын стандартд нийцүүлэн бүр сууринаасаа бүгдийг өөрчлөх хэрэгтэй болтлоо алсраад хоцрогдчихсон байна уу?

-Тун удахгүй болох “Монголын Эдийн засгийн чуулган-2016”-аар Монгол хуульчдын өрсөлдөх чадвар гэдэг салбар хэлэлцүүлэг хийхээр бэлтгэж байгааг энэ дашрамд хэлье. Бид энэ салбар хэлэлцүүлгээрээ Монгол улсын хууль зүйн салбарт ажиллаж байгаа өмгөөлөгч, хуулийн зөвлөх, нотариат, прокурор, шүүгчдийн өрсөлдөх чадварын асуудлыг хөндөнө. Ер нь хуулийн салбарынхан Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжилтэй зэрэгцэн алхаж чадаж байна уу гэдгийг нэг харах хэрэгтэй. Нэгэнт эдийн засгийн форум болж байгаа учраас эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаасаа түлхүү ярилцана. Манай улсын эдийн засгийн хөгжилтэй холбогдоод том мега төслүүд хэрэгжээд эхэлчихлээ. Олон улсын болон гадаадын хуулиар зохицуулагддаг том гэрээнүүд орж ирж, гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл  байгуулах, хэрэгжүүлэх ажлууд яригдаж байна. Түүнээс гадна дэлхийн өнөөдрийн хууль эрхзүйн чиг хандлага хаашаа явж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Шинээр эмийн салбар, IT буюу мэдээллийн технологи, оюуны өмчийн эрх зүйн салбарууд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл даяаршсан дэлхийн эдийн засгийн болон  нарийвчилсан салбаруудын хууль эрх зүйн дэлхийн хөгжил хаана явна, бид тэр хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байна уу гэдэг асуудлыг ярина. Салбар хуралдаандаа Шүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, МУИС-ийн Хуульзүйн сургууль, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хуулийн фирмийн төлөөлөл болон практикт ажиллаж байгаа хуульчид гэх мэт туршлагатай хүмүүсийг оролцуулахыг зорьж байгаа.

Монгол хуульчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд эрх зүйн дээд боловсрол олгож байгаа систем, их сургуулиудын магадлан итгэмжлэлийн асуудал, шинээр батлагдан мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, Монголын хуульчдын холбооны үүрэг роль, практикт тулгарч байгаа асуудлуудыг хөндөж ярина.

Таны тавьсан асуултын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудал бий. Асуудлыг ил  гаргаж системтэйгээр шийдье гэдэг рүү л бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах зорилготой. Монгол улсын хууль зүйн салбарын хувьд дэлхий нийтээс хол хоцрогдсон юм байхгүй, өөрийн гэсэн онцлогоор хөгжлийн нэгээхэн шатандаа явж байна. Олон тооны мэргэшсэн, туршлагатай хуульчидтай болохын тулд ямар арга хэмжээ авч, юу ярих ёстой, хууль эрхзүйн зохицуулалт, боловсролын тогтолцоо нь ямар байна вэ. Түүнчлэн практик дээр анхаарах зүйл нь юу юм бэ гэдэг асуудлыг Монголын Эдийн засгийн чуулганы салбар хэлэлцүүлгээр ярилцахаар төлөвлөж байна. 

-Хуульч, өмгөөлөгчдийг мөнгө олох салбарынхан гэж хардаг. Үнэхээр л ур чадвар өндөртэй бол олон улсын том гэрээ хэлэлцээрийг хийж энд эх орондоо мөнгийг нь  үлдээх боломжтой. Харамсалтай нь хамаг л том гэрээг гадны компаниуд хийдэг. Хамгийн том жишээ нь Оюутолгой...

-Чадвар болон боломж бол бий. Гагцхүү чадвар боломжоо хэрхэн зөв ашиглах вэ гэдэгт л асуудал байна. Боломж нь Монгол улсын төрийн бодлогоос хамаарна. Мэдээж том гэрээ хэлцэл дээр гадны хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авах нь зөв. Гэхдээ яг ямар хэлбэрээр авах вэ... Бид тэр том төслөөс юу авч  үлдэх вэ гэдэг л чухал. Тийм учраас Монгол хуульчдынхаа өрсөлдөх чадвар, мега төсөлд оролцох оролцоог бодлоготойгоор бодитой болгох сэдвийг хөндөнө.

-Монгол хуульчид хуулиа мэднэ.  Онгорхой цоорхой, ашиглах боломжоо ч илүү мэднэ. Тэр утгаараа гадны компаниуд манай улсад орж ирж ажиллахдаа монгол хуульчдыг ажиллуулах сонирхолтой байдаг байх гэж бодсон юмсан.

-Монгол улсад хэрэгжих төслийн компани нь Монгол хуулийн компанитай хамтран гадаад хуулийн компаниа сонгоод явах нь тун зөв гаргалгаа. Нэгэнт төсөл маань Монгол улсад хэрэгжих учраас тодорхой хэмжээнд Монгол улсын хууль заавал үйлчилдэг. Хэдийгээр томоохон хөрөнгө оруулалтын гэрээ нь гадаад улсын хуулийн дагуу хийгддэг ч тус гадаад улсын хуулийн дагуу хийгдсэн гэрээний зүйл заалт нь Монгол улсын хуулийг шууд зөрчсөн байх ёсгүй гэсэн зарчим үйлчилдэг. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээ нь гадаад улсын хуулийн дагуу хийгддэг ч тухайн хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх гэрээнүүд, харилцаанууд нь монгол улсын хуулиар зохицуулагддаг. Иймд Монгол хуульчдын оролцоо, хүчин чармайлт чухал.

-Тэгвэл өөрийн чинь хэлээд байгаа гурвалсан бүтцийг бий болгохын тулд хууль эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай юу. Уг нь бол шийдэгдэх гарц байж байгаа юм байна шүү дээ?

-Шийдэгдэх гарцыг олж үүнийгээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Заавал хууль батлах шаардлагагүй. Засгийн газар болон төрийн өмчит компаниуд хууль зүйн үйлчилгээ авахдаа Монголын мэргэшсэн хуулийн компанийг оролцуулж, гадаадын зөвлөхийг шалгаруулна гэх байдлаар журамлавал Монгол Улсад болон Монголын хуулийн этгээдүүдэд илүү боломжийн нээн өгнө гэж би хувьдаа хардаг.

-Том мега төслүүд зөндөө байна л даа. Тавантолгой, Оюутолгой, Шивээ энержи болон хувийн компаниудын төслүүд ч байна. Харин энэ бүхэн дээр ажиллах мэргэшсэн хуульч, хуулийн компанийн хүч чадал нь манайд бодитоор хэр байна вэ?

-Дутагдалтай хэвээр байгаа,  2012 он шиг ч юм уу таны ярьж байгаачлан том төслүүд хэрэгжээд эхэлбэл хэрэгцээ улам их болно.

-Сургалт, дадлагжих мөн туршлага хуваалцах тал дээр хэр анхаардаг юм бол жишээ нь холбооны зүгээс?

-Мэргэшлийн сургалтын нарийвчилсан бодлогыг ярих цаг болсон. Академик боловсролоо мөн эргэж харья. Монголын Хуульчдын холбооны зүгээс явуулж буй сургалт өнөөдрийн нийгэм эдийн засгийн шаардлагыг хангахуйц хуульчдыг бэлтгэж чадаж байна уу, хуульчийн ажлын туршлага, амжилт нь зөвхөн сургалтаар олдоггүй. Практик дээр ажиллаж байж уйгагүй хөдөлмөрлөж мэргэшил, туршлага, амжилт ирдэг. Энэ нь хууль зүйн салбарын онцлог юм.

Монголын хуулийн фирмүүд хүчирхэг чадварлаг болох ёстой. Төгс мэргэжлийн үйлчилгээг хэвшүүлж байж олон улсын хуулийн компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ. Нөгөө талд Монгол улсад мэргэшсэн шүүх байгуулах боломжтой. Арилжаа, худалдаа, концессын зэрэг  бизнесийн маргааныг шийддэг мэргэшсэн шүүх байгуулаад тэндээ мэргэшсэн 3-5 шүүгч л маргааныг шийддэг болчиход болохгүй гэх газаргүй. Үүнд хууль эрхзүйн орчин нь нээлттэй. 2014 оны Эдийн засгийн форумын Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн салбар хуралдаан дээр яригдсан асуудал. Үүнийг ажил  хэрэг болоосой гэж бодож явдаг даа.

-Олон улсын практикт мэргэшсэн шүүх ажиллуулах туршлага хэр байдаг, ямар амжилттай явдаг юм бол?

-Үүнд туршлага бий. Олон улсын практикт бизнесийн хэрэг маргаан голчлон арбитрын шүүх дээр шийдэгддэг. Ихэнх арбитрч нар бизнесийн тодорхой чиглэлээр мэргэшсэн байдаг. Мөн худалдааны шүүх гэхчлэн мэргэшсэн шүүх олон улсад цөөнгүй бий.

-Ер нь шүүгч, прокурор нарын дунд мэргэшсэн хэсэг нь хэр их байдаг юм бэ?

-Шүүх прокурорын байгуулагын ажилтнууд гэхгүйгээр хуульчид бид нарийн мэргэшлийн сургалтад хангалттай хамрагдаж чадахгүй байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас 2016 онд гаргасан Өрсөлдөх байдлын тайлангаар Монгол Улс өрсөлдөх чадвараараа 140 орноос 104-т жагссан. 2015 онд 98-д эрэмбэлэгдэж байсан ч зургаан байраар ухарсан гэсэн үг. 

Энэ үнэлгээний нэг чухал хэсэг нь шүүгчдийн хараат бус байдал, мэргэшил, шүүгчдийн томилогдох ажиллагаа бөгөөд Монгол Улс энэ хэсэгт харьцангуй хойгуур жагссаныг ч бас анхаарах ёстой.

-Түүнээс гадна энэ жилийн хувьд Эдийн засгийн чуулганыг арай өөр хэлбэрээр явах нь гэсэн хүлээлт байна л даа. Хэдийгээр чуулганаас гаргасан зөвлөмж, шийдвэр гаргах төвшинд хүрэлцэх нь бага ч арай өөр өнцөг гарах нь уу гэх хүлээлт байна.

Эдийн засгийн чуулган энэ жил Сургамж, сорил, шийдэл уриа дор зохиогдож байна. Нэгэнт ШИЙДЭЛ гэдэг уриатай зохион байгуулагдаж байгаа учир хэлэлцүүлгийн үр дүнг хууль тогтоогч УИХ, гүйцэтгэх засаглал болох Засгийн газар болон холбогдох байгууллагад хүргэж шийдвэрлүүлэхэд хяналт тавьж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Эдийн засгийн чуулганы үеэр хууль эрхзүйтэй холбоотой бусад асуудлууд хөндөгдөж байгаа, тухайлбал: бизнесийн хууль тогтоомжын шинэтгэл, хууль эрх зүйн орчны тогтвортой байдал, мэргэжлийн ёс зүй.

Эдийн засгийн чуулганы бүх сэдэв Монгол Улсын нийгэм ялангуяа эдийн засгийн хөгжилд чухал хүчин зүйл болохуйц сэдэв гэж ойлгож байгаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.