Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Гадаадаас эх орон руугаа буцах гэсэн иргэдийн хүсэлт маш ихээр ирж байна. Өргөдлийг хүлээн авч дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. УОК-оос тавьсан шаардлагын дагуу цагдаа, тагнуулын байгууллагын хяналт дор ажиллаж байгаа гэдгийг онцлоё.
Зөвхөн шуурхай штабт өргөдлөө ирүүлээрэй. УОК болон шадар сайд Ө.Энхтүвшин даргын нэр дээр өргөдөл их өгч байна. Ингэх шаардлага байхгүй.
Нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон. 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэх гэж байна. Энэ нислэгээр зөвхөн /Сөүлээр дамжиж ирж буй/ транзит нислэгээр ирж буй иргэдийг дангаар нь авна.
Ирэх гэж буй иргэдийн тоо олон байна, мөн Сөүлээс сууж буй иргэдээ транзит зорчигчтой холихгүй авчрах энэхүү шийдвэрийг өчигдөр УОК гаргасан.
Тавдугаар сарын 01-ны өдөр зөвхөн Сөүлд байгаа иргэдээ авна. Тус улсад оршин сууж байгаа иргэдийг виз дээр нь үндэслэж суулгана. Нэмээд дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тусгай үүргийн нислэгт багтаагүй 160 иргэнийг нэн тэргүүнд суулгана. Мөн визийн хугацаа хэтрүүлж Солонгосын түр саатуулах байранд буй иргэдээ зайлшгүй авна. Мөн өршөөлийн аянд хамрагдсан хүмүүсээ авна. Хүндэтгэн үзэх таван шаардлагаас гадна БНСУ-аас тавьж байгаа шаардлагын дагуу энэ хүмүүсийг авах юм. Залуу хүмүүс суугаад ирлээ гэх мэт гомдол гаргахгүй байхыг хүсье.
Тавдугаар сарын 02-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотоос Европ дахь иргэдээ авна.
ОХУ-тай хил залгадаг Алтанбулаг боомтоор орж ирж байгаа олон улсын ачаа тээвэр дээр зохион байгуулалтын өөрчлөлт орсон. ХӨСҮТ-ийн Дархан-Уул аймаг дахь лаборатори боомт дээр ажиллаж бүх жолоочид/гадаад болон монгол/ шинжилгээ хийнэ. Эрсдэлгүй гарсан тохиолдолд нааш нэвтрүүлнэ. Эерэг гарвал Сэлэнгэ аймагт тусгаарлана.
Замын-Үүд боомтын орон нутгийн ачаа тээвэртэй холбоотой ажлыг зохицуулах түр журам гарсан. Удахгүй Шадар сайдад танилцуулж, дагаж мөрдөх түр журмыг баталсны дараа хэрэгжүүлнэ" гэлээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "АНУ, Австрали улсаас буцах хүсэлт гаргасан иргэдийн тоо гэхэд л 3000 давсан.
Бүртгэлийн талаар иргэд маш их асууж байна. Өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу шинэ бүртгэл ЭСЯ дээр хийхгүй. Өнөөдрийн байдлаар 9600 өргөдөл ирсэн.
ЭСЯ өөрт хуримтлагдсан байгаа өргөдлийг таван хүндэтгэн үзэх шалтгаан дээр тулгуурлан нягтлаад УОК-д хүргүүлнэ. УОК-оос тавьсан хүндэтгэн үзэх таван шаардлагын дагуу өргөдлийг эрэмбэлж байна. Шуурхай штабд ирүүлсний дараа цагдаа тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг дээр нэрсийн жагсаалтыг эцэслэнэ.
Жагсаалтад багтсан иргэд рүү холбогдох ЭСЯ-аас /баталгаажсан нэрсийн дагуу/ хандана. Үүний дараа шинжилгээ өгсөн байх эсэх, онгоцны төлбөр, байрлах буудлын төлбөрийн асуудал яригдана" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.