Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөөдөр/2020.04.23/ 08:30 цагт Баянзүрх,Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлжээ. 04-р сарын 17-нд түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж, шүүх хурлыг өнөөдөр товлосон юм.
Түүнийг 2005 онд Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ Монгол улсыг ”хорлон сүйтгэхийг завдсан” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн байдаг.
Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханы 2015 онд Тавантолгойн ордыг ашиглах консерциумтай байгуулахаар төлөвлөж УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл нь Японы "Сүмитомо" болон БНХАУ-ын "Шиньхуа" компанид давуу эрх олгосон , хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан гэж үзжээ.
Түүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж яллахад хүргэсэн заалтууд:
1. Уг гэрээгээр Люксембургийн “Монголиан коал корпараци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи ресурс ” болон Хятадын төрийн өмчит “Шинхуа” компаниуд Тавантолгойд хөрөнгө оруулна.
2. Гэрээний хугацаанд төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ “Энержи ресурс”-т үнэ төлбөргүй шилжүүлнэ.
3. Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг “Энержи ресурс” өмчилнө. Энэ бүх эрхээ хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарт барьцаалан шилжүүлэх эрхтэй.
4. “Энержи ресурс ” нь мөнгөн хөрөнгөө монгол улсын нутаг дэвсгэрээс гадна эзэмших, бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бүх орлогоо гадаад улсад байршуулах, Монгол улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан бүх орлогоо гадаадад саадгүй гаргах, бусад төлбөрийг гадаадад хийх эрхтэй
5. Тавантолгойн ордод нэмж хайгуул хийж, тогтоогдсон нөөцийг нь өөр дээрээ бүртгэнэ
6. Хайгуулд зарцуулсан зардлыг хөрөнгө оруулалтад тооцно. Хэрвээ 60 жилд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол гэрээг сунгана
7. “Энержи ресурс “ нь зөвхөн олборлолт хийх төдийгүй нүүрс баяжуулах, боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах,ус хангамжийн дэд бүтэц барьж байгуулах өмчлөх, төмөр замын суурь бүтэц, тээврийн үйлчилгээ уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүх үйл ажиллагаа явуулна
8. Монгол улсын Засгийн газар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гэрээг зогсоовол Арбитрын шүүхэд хандаж шийдүүлнэ... зэрэг заалтууд нь Монгол улсын эрх ашигт харшилсан гэж УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дүгнэж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.