Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН-ийн 15 жилийн ойд зориулж, тус фирмийн үүсгэн байгуулагч партнер, Монголын Хуульчдын Холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Б.Батзаяагийн "Өмгөөллийн нөхөрлөлийн зарчим, мөн чанар" илтгэлийг та бүхэнд толилуулж байна.
ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛИЙН ЗАРЧИМ, МӨН ЧАНАР
ОРШЛЫН ОРОНД:
Өмгөөлөгчид нэгдэн нийлж, хамтран туршлагаа хуваалцах, улмаар хуулийн этгээдийн хэлбэрт орж ажиллах, цаашлаад үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх ажилд цогц байдлаар хамтран оролцох санаа нь дэлхий нийтийн хувьд эрт үеэс эхлэлтэй. Харин Монгол улсын хувьд өмгөөллийн хуулийн этгээд хамгийн анх Монголд өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцааг хуулийн этгээдийн хэлбэрээр үзүүлэх анхны хуулийн этгээд нь “Цэц” бүрэн бус хариуцлагатай компани (ББХК) байжээ. Цэц ББХК нь 1993 оны 08-р сард гурван гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдсаны дагуу хуульд заасан нөхцөл журмын дагуу үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Өмгөөллийн Гүенбанзай партнерс ХХН юм. Уг нөхөрлөл нь 2013 оны 08 дугаар сарын 06-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9022001001 дугаарт бүртгүүлж байжээ.
2013 оноос хойш нийт таван жилийн хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 327 хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгэгдсэн байна. Үүнээс 184 ХХН Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 “өмгөөллийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор аж ахуйн нэгжийн төрөл, оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг Хуульчдын холбоонд бүртгүүлэх бөгөөд уг бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүрд бичгээр Хуульчдын холбоонд мэдэгдэнэ.” гэж заасны дагуу Монголын Хуульчдын Холбоонд бүртгүүлсэн байна. 184 нөхөрлөлөөс 175 нь Улаанбаатар хотод байрлалтай бөгөөд орон нутагт 9-н нөхөрлөл байна. 2018 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 42 Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл бүртгэгджээ.
Европын улс орнуудаас эхтэй өмгөөллийн нөхөрлөлүүд нь ямар хэлбэрээр нэгдэн нийлж, ямар статусаар үйл ажиллагаагаа явуулж, ашгаа хэрхэн хуваарилж, үйл ажиллагаа, мэдээлэл, үйлчлүүлэгчийн нууцлалаа хэрхэн хамгаалж байгаа талаар судалж Монгол улсын хувьд энэ жишиг, зарчмыг баримталж байна уу, эсвэл өөрсдийн нөхцөлд тохирсон байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна уу гэдгийг судлахад энэхүү итгэлийн зорилго оршино.
ҮНДСЭН ХЭСЭГ:
Хуульч, өмгөөлөгч бидний мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж буй өмгөөллийн нөхөрлөлийн талаархи Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалт өнөөдөр ямар байна вэ гэдэг асуултаас энэхүү илтгэлээ эхэлж байна. 2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээд /цаашид “өмгөөллийн хуулийн этгээд” гэх/-ийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байна” гэж заасан. Тиймээс 2013 оноос эхлэн өөрийн хүссэн хуулийн этгээдийн төрлөөр үйл ажиллагаагаа явуулж ирсэн хуулийн фирмүүд “Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл” статусаар ажиллаж эхэлсэн.
2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 1995 онд батлагдан мөрдөгдөж буй Нөхөрлөлийн тухай хуульд “ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛ” гэдэг бүлэг нэмэгдсэн бөгөөд тус хуулийн 29 дүгээр зүйлд Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.” гэж тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд 2 буюу түүнээс дээш тооны хуульчид, үүргээ оруулсан хөрөнгөөрөө хуваарилж, харин өөрийн буруутай үйл ажиллагааны хариуцлагыг нөхөрлөлийн гишүүн өөрөө хариуцах бөгөөд ингэхдээ өөрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн хөрөнгөөр хариуцахаар заасан байна.
Миний бие илтгэлээ гурван үндсэн дэд сэдвээр үргэлжүүлж, Өмгөөллийн нөхөрлөлийн мөн чанар, үндсэн зарчмуудыг тодорхойлж авч үзэх болно. Үүнд:
1. Нөхөрлөл
2. Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл
3. Өмгөөллийн нөхөрлөл гэсэн агуулгууд багтана.
Нэг. НӨХӨРЛӨЛ
Мэдээж Монгол улсын хөгжлийн түүхэнд яг НӨХӨРЛӨЛийн хэлбэрээр хуулийн этгээд байгуулаад үйл ажиллагаа явуулж байсан түүх туршлага 1990 оныг гартал байсангүй. Монгол хэлний их тайлбар тольд НӨХӨРЛӨЛ гэдэг нь “нөхөрлөх үйлийн нэр, хэсэг хүмүүс хөрөнгөө нийлүүлэн байгуулсан хоршоо гэж тайлбарласан байдаг. Үгийн үндэс нь дотносох, найрсаг харилцаа тогтоох улмаар хамтран ажиллаж хөгжих” гэсэн утга санааг илэрхийлж байдаг. Харин Английн анхны өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгдөг нөхөрлөл 1570 байгуулагдсан бөгөөд энэ нь Английн Кент-д үүсгэн байгуулагдсан Thomson Snell and Passmore юм. Харин Америкийн нэгдсэн улсад 1873 онд анхны хуулийн фирм байгуулагдсан ба энэ нь 1783 онд Филаделфид үүсгэн байгуулагдсан Rawle & Henderson LLP юм. Энэхүү фирмийг William Rawle үүсгэн байгуулсан байдаг.
Эдгээр улс орнуудад олон зуун жилийн турш хөгжүүлсэн өмгөөллийн нөхөрлөл хэмээх ойлголтоо дараах утгаар тайлбарладаг байна. MERRIAM-WEBSTER толь бичигт “PARTNERSHIP” гэдэг үг нь PARTICIPATION буюу оролцоо гэдэг үгнээс үүсэлтэй хэмээн тайлбарласан ба үүнийгээ “partnership is a business structure in which the owners (partners) share with each other the profits and losses.” хэмээн тодорхойлсон байна. Харин BLACK’S LAW DICTIONARY толь бичигт “A voluntary contract between two or more competent persons to place their money, effects, labor, and skill, or some or all of them, in lawful commerce or business, with the understanding that there shall be a proportional sharing of the profits and losses between them” гэж WIKIPEDIA-д “A partnership is an arrangement where parties, known as partners, agree to cooperate to advance their mutual interests. The partners in a partnership may be individuals, businesses, interest-based organizations, schools, governments or combinations.” гэж тодорхойлжээ. Дээрх тодорхойлолтод буй нийтлэг шинжүүдийг нэгтгэн үзвэл НӨХӨРЛӨЛ гэдэг нь “Партнер хэмээн нэрлэгддэг 2 буюу түүнээс дээш этгээдүүд өөрсдийн хөрөнгө, оролцоо, мэргэжлийн ур чадвараараа хамтарч ашгийн төлөө эсхүл нэгдмэл ашиг сонирхолын төлөө ажиллах хэлбэр.” юм хэмээн ойлгохоор байна.
Эдгээр болон бусад судалгаануудаас үзэхэд ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛИЙН ГОЛ ЗАРЧИМ, ОНЦЛОГ, МӨН ЧАНАР нь ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ байна. Товчхон тодорхойлвол нөхөрлөлийн партнер нь нөгөө партнерын буруутай үйл ажиллагаа, мэргэжлийн алдаанаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй.
Та бүхэн сайн мэдэж байгаачлан Нөхөрлөлийн Компаниас гол ялгагддаг ялгаа нь Нөхөрлөлийн гишүүд буруутай үйл ажиллагаа явуулсан тохиолдолд нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг, харин компанийн хувьцаа эзэмшигч компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан тохиолдолд зөвхөн хувь нийлүүлсэн хэмжээгээр хариуцлага хүлээдэг.
ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛ
Нийтлэг нөхөрлөлийн тухай ийнхүү ойлгож байгаа бол Өмгөөллийн нөхөрлөлийн хариуцлагын онцлог юу вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.” гэж заасан.
Энд “нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна” гэж заасан байна. Нөхөрлөлийн үүрэг, нөхөх хариуцлага гэсэн 2 өөр ойлголтыг дурьдсан байгааг анхааралдаа авахыг хүсье. Бид өмгөөллийн мэргжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд үйлчилгээний хөлс авч ажиллаж буй нөхөрлөлийн партнер нь мэргэжлийн алдаа гаргавал эрх нь зөрчигдсөн үйлчлүүлэгч тухайн өмгөөлөгчийн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн эд хөрөнгөнөөс нь хохирлоо гаргуулах боломжийг бий болгож байгаа бөгөөд энэхүү зохицуулалтыг бид цаашид маш нарийн судлах шаардлага гарч байна.
ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛ
Өмгөөллийн нөхөрлөлийг “хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл” байхаар нарийвчлан зохицуулж өгсөн нь түүний гишүүдийн хүлээх хариуцлагатай холбоотой байна. Үүнийг Нөхөрлөлийн тухай Монгол улсын хуулийн 33 дугаар зүйл буюу Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл ба гишүүдийн хариуцлага гэсэн хэсэгт:
1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөр хариуцна. Нөхөрлөлийн гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгөөрөө хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.
2.Доор дурдсан тохиолдолд дараах этгээд дангаараа болон хэсгээр хамтарч хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ:
1/буруутай үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол нөхөрлөлийн гишүүн;
2/буруутай үйл ажиллагаа явуулсан нөхөрлөлийн гишүүний болон бусад этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гишүүн, эсхүл буруутай үйл ажиллагаа явуулсныг мэдсэн, мэдэх ёстой байсан боловч шаардлагатай арга хэмжээ аваагүй гишүүн.
3.Нөхөрлөлийн гишүүний бусдад учруулсан хохирлыг нөхөрлөлийн хөрөнгөөр тэргүүн ээлжинд барагдуулна. Хохирлыг барагдуулахад нөхөрлөлийн хөрөнгө хүрэлцэхгүй бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөх хариуцлага хүлээнэ гэжээ.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн фирмүүд нь 2013 оноос эхлэн хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш нөхөрлөлийн ба түүний гишүүний хариуцлагатай холбоотой томоохон кейс гараагүй бөгөөд бидэн ийм туршлага байхгүй байгаа учраас энэ зохицуулалт амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар тодорхойлон хэлэх боломжгүй байна. Гэхдээ ямартай ч үйлчлүүлэгчийн өмнө хуулийн этгээд хариуцлагаа хүлээж үүний дараа буруутай партнер нөхөрлөлийнхөө өмнө хариуцлага хүлээхээр зохицуулалт хийгдсэн байна.
ДҮГНЭЛТ
Миний бие дээрх агуулгууд дээр үндэслэн өмгөөллийн нөхөрлөлийн мөн чанар, зарчим, онцлогийг дараах зургаан үндсэн чиглэлээр тодорхойлж байна. Үүнд:
· ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛИЙН ГОЛ ЗАРЧИМ, ОНЦЛОГ, МӨН ЧАНАР нь ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ байна. Товчхон тодорхойлвол нөхөрлөлийн партнер нь нөгөө партнерын буруутай үйл ажиллагаа, мэргэжлийн алдаанаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй гэдэг зарчим үйлчилдэг.
· Нөхөрлөлийн Партнерууд нь тухайн бизнесийн ХАМТРАН ӨМЧЛӨГЧ мөн. Өмгөөллийн нөхөрлөл нь ихэвчлэн партнерууд ур чадвар, үйлчлүүлэгчээрээ хөрөнгө оруулж, ашгаа хүртдэг хэлбэртэй байдаг учраас хэдэн хүн үүсгэн байгуулсан эсэхээс үл хамаараад партнер бүр бизнесийн хамтран өмчлөгчид байдаг.
· Нөхөрлөлийн партнерууд тухайн нөхөрлөлийн үйл ажиллагаа, менежментэд шууд оролцох эрхтэй байдаг бөгөөд ингэхдээ үүсгэн байгуулагч партнер, гүйцэтгэх захирал буй менежмент хийх партнер зэрэг статусаас хамаараад оролцох болон шийдвэр гаргах хувь хэмжээ нь өөр өөр байдаг туршлагууд байна.
· Нөхөрлөлийн партнерууд нөхөрлөлийн гэрээгээр тохиролцсоноос шалтгаалан ашиг хуваарилах зарчим янз бүр байдаг бөгөөд ашиг хуваарилах талаар олон улсад түгсэн олон янзын хувилбарууд байдаг.
· Нөхөрлөл нь хуулийн этгээд болохын хувьд татвар төлөх бөгөөд Монгол улсын хувьд нөхөрлөлүүд хуулийн этгээдийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байгаа нь туйлын буруу жишиг юм. Юуны түрүүнд өмгөөллийн нөхөрлөлийн хийж байгаа ажил нь оюуны ажил бөгөөд нэмэгдсэн өртгийг бий болгоогүй гэдгийг эрдэмтэн судлаачид бүрэн хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаас ийм зохицуулалт нь Монгол улсад өмгөөллийн нөхөрлөл хөгжих нөхцлийг маш ихээр хааж байгаа юм.
· Өмгөөллийн нөхөрлөлийн гэрээнд талууд хэрхэн тохиролцсоноос шалтгаалж партнеруудын олон төрлийг гаргаж өгсөн байдгаараа онцлогтой. Тухайлбал хувь эзэмшигч партнер, хувь эзэмшдэггүй цалинтай партнер, менежментэд оролцдоггүй партнер зэргээр өөр өөр нөхцлөөр нөхөрлөлд нэгдсэн партнеруудыг нэрлэдэг байна.
Бидний хувьд үйл ажиллагаагаа стандартчилж, үйлчлүүлэгчид үзүүлж байгаа үйлчилгээгээ илүү чанаржуулан, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц байхын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах, өмгөөлөгчдийн ур чадвараа улам нэмэгдүүлэх ёстой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.