Одон орон судлаачид Сүүн замын төв хэсэгт орших аварга том хар нүхийг тойрон эргэлддэг анхны одыг илрүүллээ. Улмаар эрдэмтэд нэгэн сонирхолтой зүйлийг олж тогтоосон нь энэхүү одны тойрох хөдөлгөөн Альберт Эйнштейний ерөнхий харьцангуй онолын таамаглалтай нийцэж байжээ.
Одон орон судлаачид уг одыг Чилийн Атакама цөлд байрлах Европын өмнөд ажиглалтын системийн аварга телескопыг ашиглан олсон юм. Тэдний олж харснаар одны тойрог зам сарнай хэлбэртэй байсан байна.
Исаак Ньютоны таталцлын хуулийн дагуу бол одны тойрог зам зууван хэлбэртэй байх ёстой ч энэхүү одны сарнай хэлбэртэй тойрог зам нь Эйнштейний харьцангуйн онолыг баталж байгаа юм.
“Эйнштейний харьцангуй онолоор Ньютоны таталцлын хуультай адил аливаа объектыг тойрон эргэлддэг биетийн тойрог зам нь хаалтгүй гэсэн саналыг дэвшүүлдэг ч хөдөлгөөнт хавтгайд харин нэг чигийг барина гэж үздэг” хэмээн Германы Макс Планкийн нэрэмжит сансрын физикийн хүрээлэнгийн захирал Рейнхард Гензел хэлжээ.
Sagittarius A* нэртэй энэхүү аварга хар нүх нь манай галактикийн төвд байрладаг. Нарнаас 26,000 гэрлийн жилийн зайд оршино.
Хар нүхний эргэн тойронд шигүү одод байдаг. Тэдний нэг болох, энэхүү ажиглалтын үеэр олдсон S2 од нь хар нүхтэй хамгийн ойр буюу 20 тэрбум км хүрэхгүй зайд хажуугаар нь өнгөрдөг байна.
Тойрог замууд ихэвчлэн төгс тойрог биш байдаг. Аливаа биетүүд эргэлтийн явцдаа тойрч буй объектоос холдсоор эсвэл түүнд ойртсоор байдаг байна. S2 одны хар нүхэнд хамгийн ойр очих зай нь цаг хугацааны явцад байнга өөрчлөгдөж байдаг учир түүний тойрог зам сарнай хэлбэртэй болжээ. Харин ерөнхий харьцангуйн онол нь энэхүү тойрог зам хэр их өөрчлөгдөхийг таамагладаг аж.
Улмаар энэхүү онолын тусламжтайгаар эрдэмтэд манай галактикийн төв хэсгийн талбайн талаар илүү ихийг ойлгох боломжтой юм. Сүүн замын энэ хэсэг асар их сансрын хий, тоосоор халхлагдсан байдаг тул хол зайнаас ажиглахад ихээхэн хүндрэл учирдаг аж.
Одон орон судлаачид 27 жилийн турш энэхүү одонд ажиглалт хийснээр уг нээлтийг хийх боломжтой болжээ. "Хэрэв бидэнд аз тохиовол ирээдүйд хар нүхний эргэлтийг мэдрэх хэмжээний ойр зайд орших оддыг ч илрүүлж магадгүй. Тэр үед харьцангуйн онолыг бүр ч өндөр түвшинд шалгах боломжтой" хэмээн ХБНГУ-ын Кельнийн их сургуулийн төслийн удирдагч эрдэмтэн Андреас Экарт хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.