ЗТЯ-ны хэлтсийн дарга асан талийгаач Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж буй шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.04.20/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүх хуралдаан дахин хойшилжээ.
Шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар хойшилсон аж.
Тиймээс шүүх хуралдааныг тавдугаар сарын 8-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Хэргийг эргэн сануулахад, Зам,тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед дээрх хүн амины хэрэг гарсан. Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ.
2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш энэхүү хэрэг ийнхүү арав дахь удаагаа хойшилж байна.
Энэ хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэн агсны гэргий У.Өнөрцэцэг дараах ярилцлагыг өгч байсныг эргэн сануулья. Энд дарж уншина уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.