ОБЕГ дээр байрлаж буй Шуурхай штабын мэдээллийн цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцож, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-Өнөөдрийн байдлаар арав гаруй чартер нислэгээр иргэдээ авчраад байгаа. Өндөр настан, эмчилгээ хийлгэсэн, бага насны хүүхэдтэй, жирэмсэн иргэдийг хамгийн түрүүнд бүртгэн авчирч байгаа. Иргэдээ нэг газарт цуглуулахгүй байхыг Солонгосын тал тавьсан.
Эхний ээлжинд 500 гаруй иргэн шууд бүртгүүлсэн. Ингээд хоёр нислэг үйлдэж авчирсан. Энэ сарын 8-ны нислэгийн бүртгэлийг хийхэд 11-14.00 цагийн хооронд 160 иргэнийг бүртгээд дууссан. Ирсэн бусад иргэдийн хувьд БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан хүмүүс.
Нийтдээ тусгай үүргийн онгоцоор 1800 иргэнээ авчирсан бол автомашин болон төмөр замаар 6000 гаруй иргэн ирсэн. Зөрчилтэй иргэд ирсэн ч нэгийг нь ч торгоогүй байгааг тодотгон хэлмээр байна.
Нэг өрөөнд нэг хүн байлгахаар тогтоож, эмч сувилагч нарынхаа ачааллыг тооцон үзэж дараагийн онгоцны нислэгийг үйлдэхээр төлөвлөж байна. Иргэд маань тогтмол нислэг үйлдэхийг шаардаж байна. Эргэн тойрны улс орнууд хилээ хааж байна. Дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл Япон улс бүх нислэг, транзит нислэгээ цуцалсан. ОХУ, БНХАУ нислэгтээ хатуу шаардлага тавьж байгаа.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:
-Нийслэлийн хэмжээнд 26 тусгаарлах байранд 2714 иргэн байна. Дэлхийн 43 улсаас 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс БНСУ-аас 2031, АНУ 1270, Австрали 906, Энэтхэг 540, Турк улсаас 437 иргэн ирэх хүсэлтээ ирүүлсэн.
БНЭУ-аас бага насны 300 гаруй хүүхэд буюу ламбугай нар ирэх хүсэлтээ ирүүлсэн. Австрали улсаас санхүүгийн асуудалтай гэсэн иргэд ирэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ сарын 17-нд Сөүл-Улаанбаатараас иргэдээ авчрах нислэг хийнэ. Энэ нислэгт аль болох гаднын орноос транзит нислэгээр ирэх иргэдийг бүртгэж хамруулна. Гэхдээ өндөр настан, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, өвчтэй иргэдээ авчирна гэдгийг дахин анхаарах хэрэгтэй.
"Нутгаасаа хол байгаа хүмүүст худлаа хэлж амлаж чадахгүй. Боломжийнхоо хэрээр арга хэмжээг авна. Ирж чадахгүй хол байгаа иргэдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар судалж УОК-т саналаа оруулах гэж байна" хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дурдлаа.
ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал "Гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авч, тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаагаас хоёр нь Москвад байгаа.
Оросоос 270 гаруй оюутан буцах хүсэлтээ гаргасан. Хэрэв бид оюутнуудыг татан авахгүй бол амь нас нь эрсдэлд орно. Маргааш өглөө Москвагаас Улаан-Үд рүү онгоцоор ирнэ. Иймд Москва, Эрхүү, Улаан-Үд хотын оюутнуудыг хооронд нь уулзуулахгүйгээр, маргаашнаас эхлэн гурван үе шаттай хүлээн авахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна" гэлээ.
Тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн хувьд гэрийнхээ хаягийг буруу өгөх, гэрийнхээ хаяг дээр байхгүй байх тохиолдол маш ихээр гарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.