Уолт Диснейн шинэ видео стриминг үйлчилгээ таван сарын өмнө нээлтээ хийснээс хойш 50 сая гаруй хэрэглэгчтэй болжээ.
Дисней Плас хоёрдугаар сарын үзүүлэлтээр 26.5 сая хэрэглэгчтэй байсан. Гэвч коронавирусийн дэгдэлтийн улмаас хорио цээр тогтоож, олон хүн гэртээ их цагаар байж, онлайн контент их хэмжээгээр үзэх болсноор хэрэглэгчдийн тоо бараг хоёр дахин нэмэгджээ.
Кино театрууд хааж, хүмүүс гэртээ байхаас өөр аргагүй болсон үед Дисней Плас төдийгүй гол өрсөлдөгчид болох Нэтфликс, Амазон Праймын үзвэрүүд огцом өсөөд байгаа юм.
АНУ-д арваннэгдүгээр сард анх ашиглалтад орсон Дисней Плас 2024 оны эцэс гэхэд 60 саяас 90 сая хэрэглэгчийн зорилт тавиад байсан аж. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт нээлтээ хийсэн даруйдаа найман сая шинэ хэрэглэгчтэй болжээ.
Коронавирусийн тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрийн Дисней паркуудаа хаагаад зогсохгүй шинэ контентын үйлдвэрлэлээ зогсоож, Мулан, Black Widow зэрэг блокбастер кинонуудаа хойшлуулаад байсан Уолт Дисней компанид энэ нь сайн мэдээ юм. Лхагва гарагийн орой хэрэглэгчдийн тоо нь 50 сая давсныг зарласны дараа компанийн Уолл-Стритийн хувьцааны ханш 7 хувиар өсжээ.
Нэтфликс өнгөрсөн жилийн эцэст дэлхийн хэмжээнд 167 сая гаруй хэрэглэгчтэй байсан бол Амазон одоо 150 сая гаруй хэрэглэгчтэй.
Гэвч Диснейн кино, телевизийн цуврал, Pixar, Star Wars, National Geographic зэрэг арвин контент багтаасан Дисней Плас өрсөлдөгчдөөсөө хамаагүй хурдан өсөж байна. "Нэтфликсийн долоон жилийн хугацаанд олж авсан зүйлд Дисней Плас таван сарын хугацаанд хүрлээ" хэмээн кино салбарын шинжээч Крис Фентон хэлжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.