Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дайралтад хариу барьж, дэлхийн нийтийг хамарсан цар тахлын эсрэг нэгдэн хамтдаа тэмцэж, өвчин тахлыг далимдуулан улс төржихгүй байхыг уриалсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ыг Хятад руу хэт их төвлөрч, цар тахлын үед үүрэг хариуцлагаа өөрөөсөө холдуулж байна хэмээн шүүмжилж, Засгийн газраас олгодог санхүүжилтээ зогсоох талаар авч үзнэ хэмээн мэдэгдсэн юм. Тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ өөрсдийн хийж буй ажил, байр сууриа баттай хамгаалсан байна.
Тэрээр “бид улс орон бүртэй ойр хамтран ажиллаж байгаа. Бидэнд ялгаа үгүй, бүгд өнгө ижил болсон. Хамгийн хүчтэй нь замаа тодорхойлдог тул Ковидоор улс төр хийх асуудлыг тусгаарлаж өгөөч” хэмээн хариулжээ. ДЭМБ-ын даргын зөвлөхийн үзэж байгаагаар Ковид-19 Хятадаас эхэлсэн учир ойр хамтран ажиллах нь халдварын эхэн үеийн тархалтын талаар туршлага, судалгаа хийхэд тустай ажээ.
Америкийн Засгийн газар ДЭМБ-ын сайн дурын томоохон санхүүжүүлэгчдийн нэг юм. Тус байгууллагын нийт төсвийн 15 хувийг дангаараа санхүүжүүлдэг байна.
Дэлхийн хэмжээнд коронавирус 209 улс, тусгай бүсэд 1,5 сая гаруй тохиолдол илэрч, 88,000 гаруй иргэн нас бараад байна. АНУ халдварын тархалтаар тэргүүлж байгаа бөгөөд хоногт 30,000 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 430,000 гаруй иргэн халдварлаж, 15,000 орчим хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.