Эгийн голын усан цахилгаан станцын төслийг ОХУ-ын талаас Байгал нуурын экологид нөлөөлнө гэдэг үндэслэлээр зогсоогоод байгаа. Хэрэв энэхүү УЦС-ыг барьж байгуулбал ОХУ-аас эрчим хүч авах шаардлагагүй болж, Монгол улс эрчим хүчээ дотооддоо 100 хувь хангадаг болох юм.
Энэ төслийн талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулахад;
-Эгийн голын УЦС Байгаль нуурын экологийн асуудалтай шууд холбогддог. Экологийн нөлөөллийн судалгааг Францын компани хийхээр шалгарсан. Судалгааны ажил хоёр жил үргэлжилнэ. Хэрэв экологийн хувьд аюул учруулахгүй гэсэн дүгнэлт гарвал Эгийн голын УЦС-ыг барих боломж бүрдэнэ. Энэ маш чухал төсөл.
Гэхдээ бид Олон улсын усны тухай конвенциэр нийт усны нөөцийнхөө 10 хувийг ашиглах боломжтой. Иймд уулын орой дээр усныхаа 10 хувийг татаж авчраад, буцааж буулгадаг, эргээд татаж буулгадаг 100-200 мегаваттын УЦС барих ТЭЗҮ-ийг Эгийн гол дээр хийгдсэн.