МАН-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл хийж Ардчилсан намд 100 саяын дэнчингээ өгч, нэр дэвшихээр горилогчдын нэрийг зарласан. Түүний хэлснээр одоогоор АН-д 158 хүн 100 саяын дэнчингээ өгчээ. Тэдний дунд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэр ч багтаж байгаа гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Нэг талаас гайхалтай гоё мэдээ хэллээ. Нөгөө талаас, худал, гутамшигтай гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байна. Намайг өөр намын дансанд мөнгө хийсэн байна гэж гүтгэсэн байна.
МАХН-ын эрхийг хууль бусаар авсан хэсэг бүлэг нөхөд намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, блок хийнэ гэдгээ мэдэгдсэн. 5 сая төгрөгийн цалин, үнэгүй орон сууц энэ тэр гэсэн хөтөлбөрөө боливол би МАХН-аас нэр дэвшиж болно. Би МАН, АН, Үнэн ба зөв намуудад мөрийн хөтөлбөрийн талаар саналаа хэлсэн. Миний тодорхой саналууд танай намын мөрийн хөтөлбөрт тусаж байгаа бол би танай намаас нэр дэвшээд явах боломжтой гэж хэлсэн. Мөрийн хөтөлбөр нь хуулийн дагуу бол би өөрийн саналаа тусгаад нэр дэвшиж болно.
Х.Ганхуяг гэдэг хүн сонгууль болохоос өмнө гүтгэлэг тараасан учир сонгуульд нэр дэвших эрхгүй. Энэ хүний талаар би Прокурорт гомдол гаргана. Миний нэрээр 100 сая төгрөг шилжүүлсэн баримтыг Х.Ганхуяг нотлох ёстой. Надад 100 сая төгрөг байхгүй учир би хэрэв АН-аас нэр дэвшихээр бол өгөхгүй. Бизнес хийдэг гишүүний хувьд намаа дэмжээд 2-3 тэрбумыг өгсөн ч яадаг юм. Гол нь тэр мөнгө хулгайн мөнгө байх ёсгүй.