2020 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам эвслүүд сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгөх хуультай. Энэ дагуу Монгол Улсад бүртгэлтэй нийт 35 улс төрийн нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ.
Өнөөдөр тус байгууллагаас мэдээлэл хийж МАН, АН-ын мөрийн хөтөлбөрүүд "хэрэгжих боломжгүй", "амлалтын шинж бүхий" гэсэн дүгнэлт гаргаж, ажлын тав хоногт багтаан засварлах хугацаа өгч байгаагаа мэдэгдлээ.
2020 оны УИХ-ын сонгуульд оролцох 27 намын 12 нь дөрвөн эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие дааж орж байгаа аж.
Мөрийн хөтөлбөрүүдэд аудит хийх явцад дангаараа оролцож буй долоон намын мөрийн хөтөлбөр хуульд нийцэж, бусад 20 улс төрийн намд хамаарах мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцжээ.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38.3-д, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч, нам, эвсэл мөнгө эд хөрөнгө амлахгүй байх, аливаа үнэгүй болон хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй байх, улс болон орон нутгийн төсвийн орлогыг хандивлахгүй байх, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгон олгохгүй байх зэрэг заалтууд бий.
Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт илэрсэн нийтлэг зөрчилд цалинг 2-5 сая төгрөг болгоно, орон сууц барьж өгнө гэх зэрэг заалтууд орсон нь амлалтын шинжтэй, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа аж.