Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг коронавирусээс хамгаалах зорилгоор “Срайдорж Номунхан” сангаас буюу Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан хувилгаан “Нагбу гужор” буюу “Есөн харын найрлага” эмийн үрлийг өгчээ.
Есөн чухал эмийн найрлагаас бүтсэн 2600 ширхэг үрлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр хүлээн авсан аж. Энэхүү үрэл нь тус үйлдвэрийн нийт ажилтны 40 хувьд нь хүрэлцэх ажээ.
Үрлийнхээ талаар Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан гэгээнтэн хэлэхдээ:
”Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” үрэл бол халдварт догшин өвчин, ялангуяа гэдэс дотрын өвчин, ад донгийн өвчин, лусын хорлол зэргийг амирлуулах, дарах тухайд 300 гаруй жилийн өмнө анх зохиогдож бий болсон юм. Үрлийг өнөөгийн дэлхий нийтэд үүсээд буй хүнд цаг үед сүсэгтэн иргэд зүүж хэрэглэснээр амьсгалын замын болон нялхсын, таван цулын гээд бусад олон халдварт өвчнөөс амарлих нигууртай. Гол нь сүсэгтэн олон маань чин үнэн сэтгэлээр сүжиглэж, биширч зүүвэл үр дүнгээ өгнө. Зөвхөн гадна талаас үрэл зүүгээд дотоод бие, хэл, сэтгэл гурвын үүднээс ирэх өвчнийг төдийлөн амарлиулж чадахгүй. Биеийн үүд буюу гадаад барцдаас хамгаалахад зохицох ч хамгийн чухал нь бие сэтгэлээрээ сүжиглэж биширч хэрэглэх нь аюулт өвчнөөс амарлиулах тусыг өгнө” гэлээ.
Срайдорж Номунхан сангаас “Нагбу гүжор” үрлийг Эрдэнэт хотын 110 мянган иргэнд бүгдэд нь өгөх боломжгүй, гол нь сүжиг бишрэлтэй иргэддээ өгөх гэнэ.
Сүсэгтэн олон үрлийг ариун нандин хадгалж, зохих журмын дагуу хэрэглэж чадвал өвчин зовлон холуур одох магадлалтай гэжээ.