Дотоодын шилжин суурьшилтын талаар Монгол улсын их сургууль судалгаа хийж дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулжээ. Ойрын 30 жилд хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу их хэмжээгээр шилжин суурьшсанаар хотын хүн ам хурдтай өсч, хөдөө орон нутгийн оршин суугчдын тоо эрс буурсан байна.
Дотоодын шилжин суурьшилтын судалгаагаар хүн амын тэн хагас нь буюу 47 хувь нь нийслэл хотод амьдарч байна. 1989 онд нийт хүн амын ердөө 28 хувь нь Улаанбаатарт байжээ.
2011-2016 оны хооронд хотод 126,143 хүн шилжин ирснээр нийслэл маань 1,4 сая оршин суугчтай болов. Хөдөө орон нутгийн иргэд ажлын байр, илүү дээр амьдрах нөхцөл, сурч боловсрох боломж, эрүүл мэндийн үйлчилгээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг эрэлхийлэн төв хотоо зорьдог гэжээ.
Түүнчлэн хотын нийт оршин суугчдын 60 гаруй хувь нь хотын захын гэр хороололд амьдарч байна гэж судалгааны дүн харуулсан байна. Гэр хорооллын оршин суугчдын 1/3 нь шинээр ирсэн иргэд ба 40 хувьд нь нийгмийн халамж үйлчилгээ нэн шаардлагатай гэжээ.
Улаанбаатар хотын дарга С.Батболд “шилжин ирэгсэд хотод илүү дээр амьдарч болох ч тэдэнд маш олон төрлийн хүндрэл тулгардаг” гэлээ. Судалгааны дүнд үндэслэн урт ба богино хугацааны үндэсний бодлогыг тодорхойлох боломжтой учраас чухал гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: www.reliefweb.in