Дэлхий дээр 90 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүд амьдарч байх үед цаг уур илүү дулаахан байсныг гэрчлэх баримт олджээ. Тэр дундаа дэлхийн өмнөд туйл Антарктик нэгэн цагт халуун дулаан уур амьсгалтай ой шугуй байсныг эрдэмтэд тогтоосон байна.
Судлаачид 2017 оны 2, 3 дугаар саруудад Баруун Антарктикийн Амундсен тэнгист судалгааны хөлөг далайн гольдролын хэсэгт өрөмдөж дээж авчээ. Уг тунамал цөмийн дээжийг Пайнь арал болоод Твайтес мөсөн голын ойролцоогоос авсан байна.
Дээж сорьцыг шинжилж хүний гар хүрээгүй газрын хөрс, цэцгийн тоос, үрэнцэр төдийгүй үндэсний бүтэц байгааг эсийн түвшний судалгаагаар тогтоожээ. Nature сэтгүүлд нийтэлснээр эдгээр ургамлуудын эс 90 сая жилийн настай гэж тооцсон байна.
80-115 сая жилийн өмнө дэлхий дээр Цэрдийн галавын эрин үе байсан бөгөөд үлэг гүрвэл, илүү дулаан цаг ууртай байсныг эрдэмтэд хэлдэг. Харин 140 сая жилийн өмнөх үед дэлхийн хамгийн халуун цаг үе ноёлж байсан гэж үздэг. Тэдгээр он жилүүдэд дэлхийн өмнөд туйлд ямар уур амьсгалтай байсныг хараахан мэддэггүй байжээ.
Эрдэмтдийн олсон тунамал цөм тухайн үеийн ургамал, хөрсний байдлаас гадна цаг уурын талаар ч чухал мэдээллүүдийг олж авахад тусалсан байна. 90 сая жилийн өмнө Антарктикад өдрийн цагаар цельсийн 11 хэмийн дулаан байсан гэж үзжээ.
Гэвч жилийн турш нарны туяа бараг тусдаггүй дэлхийн өмнөд туйлд хэрхэн ой шугуй бүрдэж, ургамал ногоо ургасан байхав гэдэг эргэлзээ төрүүлж байгаа юм. Тэгэхээр эрт үед өмнөд туйлд нарны гэрэл тусдаг байсан байж магадгүй ажээ.
Эх сурвалж: CNN