Токиогийн BBT цахим их сургууль гуравдугаар сарын 28-ны өдөр төгсөлтийн ёслолоо цахимаар зохион байгуулжээ.
Тус сургууль нь ANA Holdings компанийн зохион бүтээсэн “newme” нэртэй аватар роботуудын тусламжтайгаар дэлхийн анхны ийм түвшний цахим төгсөлтийн үйл ажиллагааг хийсэн нь энэ юм. Төгсөгчид аватар роботуудыг алсын зайнаас удирдан их сургуулийн ерөнхийлөгч Ома Кеничигаас дипломоо гардан авчээ.
Ёслолын үеэр дөрвөн төгсөгч эдгээр роботуудыг ажиллуулаад сургуулийн бусад оюутан видео холбооны сайтаар дамжуулан цахимаар үзсэн байна. “Newme” роботууд таблет "нүүр"-тэй бөгөөд дөрвөн дугуйгаар чөлөөтэй хөдөлдөг аж. Төгсөлтийн даашинз, малгай өмссөн роботуудын таблет дээр төгсөгчдийн царай гарах ба ерөнхийлөгч нэрийг нь дуудахад дөхөн очиж дипломоо гардан авсан байна.
Эх сурвалж: prtimes.jp