Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй нэг иргэн байгаа ажээ.
Тодруулбал, Мандал сумын харъяат иргэн өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо иржээ. Тухайн үед гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах үйл явц эхлээгүй байсан тул 14 хоног Улаанбаатарт өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгөөд гаргасан аж.
Гэтэл тухайн иргэн тэр шөнөдөө нууцаар Мандал сум дахь гэр лүүгээ явжээ. Өнгөрсөн хугацаанд түүнээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч өнгөрөгч долоо хоногоос бие нь тавгүйтэж эхэлсэн тул сумынхаа эмнэлэгт хандсан байна.
Мандал сумын эмнэлэг уг иргэнд "уушигны хатгалгаа" гэсэн онош тавьжээ. Одоогоор түүнийг тусгаарлаад байгаа бөгөөд өнөөдөр үдээс хойш Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс шуурхай баг ирж шинжилгээ хийсэн. Түүнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байна. Шинжилгээний хариу маргааш гарна.