УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос хаврын чуулганаар хэлэлцэх хуулиуд болон цаг үеийн асуудлын талаарх цөөн зүйлийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт
Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын тайланг хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Үүнтэй холбоотойгоор зайлшгүй батлах ёстой хэд хэдэн хууль байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Шүүхийн тухай хууль гэх мэт зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой хуулиуд байна. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсны дараа бүх хуулиа тэр хуульд нийцүүлж байсан. Түүн шиг УИХ-ын тухай хууль, түүний дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг яаралтай Үндсэн хуульд нийцүүлэх бол удахгүй болох ээлжит сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар маань Үндсэн хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болчихоод байна.
Тиймээс энэ хаврын чуулганаар нэн тэргүүнд УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах ёстой. Түүний араас Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Аудитын тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг хийх байх.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр Засгийн газар огцрох уу?
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Журмын тухай хуульд юу гэж заасан бэ гэхээр хуучин хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлж дуусах хүртэлх хугацаанд хуучин хуулийг дагаж мөрдөнө гэж заасан байгаа. Тийм учраас одоогийн Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад эрх зүйн зөрчил гарахгүй.
-Хаврын чуулган хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Дөрөвдүгээр сарын 06-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд хамгийн цаад талын хугацаа нь тавдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх болов уу. Хаврын чуулган энэ удаа 40-45 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Тиймээс энэ богино хугацаанд түрүүн хэлсэн хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхээс гадна Хөгжлийн бодлогын тухай хуулиудыг батлуулах чиглэлээр манай Байнгын хороо идэвхтэй ажиллана.
УИХ, Засгийн газрын тухай хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхгүй бол сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар ажиллах эрх зүйн чадамжгүй болно.
-Сонгуулийг хойшлуулах шаардлагатай юу?
-Манай Улсын Засгийн газар ажлаа маш сайн хийж байна. Бид Европын орнууд шиг, АНУ шиг коронавирусийг хяналтаас алдчихаагүй байна. Манай Улсад илэрсэн тохиолдлууд нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн, хяналтад байгаа учраас сонгуулийг нэн даруй хойшлуулах ёстой гэх асуудлыг ярихад эрт байна.