Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан тавгийн идээ засах, хураах, идээ шүүс засах, хүрэх ёсны талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Тавгийн идээ засах ёс
Монголчууд эртнээс тавгийн идээнийхээ өнгөөр ирэх жилийнхээ өнгө хийморийг бэлгэдэн ерөөж ирсэн уламжлалтай. Иймдээ ч тавгийн идээндээ онцгой ач холбогдол өгсөөр ирсэн байна. Тавгийн идээгээ томхон цар тавган дээр 3, 5, 7, 9 үеэр засах бөгөөд энэ нь жаргал, зовлон, жаргал хэмээн дуусах учиртай байдаг.
Тавгийн идээг ихэвчлэн хавсай буюу бидний нэрлэж заншсанаар хэвийн боосоор засах бөгөөд залуу гэр бүлээд 3-5 үеэр, азай буурлууд 7 үеэр засна. Зарим нутагт тавгийн идээний үе нь тухайн ураг удам хэдэн үеэ үзэж байгааг илтгэдэг. Тухайлбал, жич, гуч-ач, зээ-хүү, бэр-эцэг, эх-эмээ, өвөө хэмээх таван үеийнхэн золголдож байгаагаа бэлгэдэн таван үеэр идээ будаагаа засах нь элбэг байна.
Төрийн хүндэтгэл ёслолын тавгийн идээг 9х9 засах бөгөөд самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул, хурууд, бал бурам, чихэр, үзэм, чавгаар чимэглэнэ. Шар, цагаан тос тавьж байгаа нь тухайн айл өрхийн нүнжиг, оюунлаг байдлыг илтгэж байгаа хэрэг гэнэ.
Сүүлийн жилүүдэд Монголчуудын засаж буй тавгийн идээг харахад айл өрхүүд таван үеэр идээгээ засаж суурь еэвэнгээ тавиад дээр нь хорхой ааруул, хурууд, шар цагаан тос тавьсан байгаа нь ажиглагдсан. Харин гялгар ууттай, олон өнгийн чихрийг тавгийн идээнийхээ дээр тавихаас аль болох татгалзаж, тусад нь шилэн саванд хийдэг болсон байна.
Тавгийн идээг хураах ёс нь нутаг бүрд харилцан адилгүй байдаг. “Монгол ёс заншлын тайлбар толь”-д тавгийн идээгээ шинийн гуравны өдөр тавгаа хураах бөгөөд “Удам судар нь урт удаан үргэлжлэнэ” хэмээн бэлгэдэж тавьсан идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээнэ гэсэн байдаг.
Төвийн аймгуудын ёс заншлыг харж байхад холоос зорьж учиртай ирэх үр хүүхдүүд, хамаатан саднуудыгаа ирж золгох хүртэл их идээгээ хураахгүй байх нь элбэг. Хураалаа гэхэд шинийн гурваны өдөр тавгийн идээгээ гурван үе болгон багасгах бөгөөд шинийн 15-ны дотор бүрэн хураадаг байна.
Өндөр гэгээн Занабазарын хөрөг
Идээ шүүс тавих, хөндөх ёс
Сар шинээр идээ шүүс бэлтгэх, тавих ёсыг монголчууд өнө эртнээс хийж ирсэн уламжлалтай. Өндөр гэгээн Занабазар өөрийнхөө хөргийг тарган хонины ууцыг хөндөж буйгаар зуруулсан нь идээ ундаа элбэг, энх амгалан байгааг нь илтгэдэг билээ. Монголчууд идээ шүүс бэлтгэхдээ хонины ууц, дал, дөрвөн өндөр, хонхтой шаант, богтос, хүзүү, толгойг чанаж тавих нь элбэг. Их бүхэл буюу мах чанаж идээ шүүс бэлтгэдэг нь ихэс дээдэст улсынхаа ард олондоо хувь хүртээх, эрэмбэ зиндааг бэлгэдэж байгаа бол байгаа бол өтгөс буурлууд ууц чанаж тавих ёс нь нас намба, өөрөөсөө дооших гурван үедээ хувь хишгээ хүртээх хүндэтгэл бэлгэдлийг агуулж байдаг хэмээн Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам нэгэнтээ хэлсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд Монголчуудын тавьж буй идээ шүүсийг анзаарч байхад хонины ууцнаас гадна үхрийн өвчүү дал, дөрвөн өндөр чанаад, хажууд нь үхрийн шаант тавих хандлагатай болсон нь ажиглагддаг.
Идээ шүүсийг битүүний орой хөндөх бөгөөд дээжийг бурхандаа өргөсний дараа гал голомтоо мялааж, гэр байгаа хүнд хамгийн ахмад настайгаас эхлэн бүх хүнд хүртээдэг байна.