Монгол Улсын Засгийн газар өчигдөр /2020-03-27/ хуралдаан хийж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа тэтгэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулсан билээ.
Иргэд, ААНБ-д хандсан долоон зүйлтэй арга хэмжээ авахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Уг танилцуулгад дурдагдаагүй ч иргэдэд чиглэсэн, амьжиргааг тэтгэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилготой дэлгэрэнгүй танилцуулга гарсан байна.
Уг танилцуулгад орсон онцлох шийдвэрүүдээс хүргэж байна.
2020 онд ногдол ашиг тараахаар зарласан компаниуд тавдугаар сард багтааж иргэдэд ашгаа олгоно
Үүнд, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв буюу ҮЦТХТ-д бүртгэлтэй ХК-иудын иргэдийн гар дээрх хуримтлагдсан ногдол ашгийг энэ оны тавдугаар сард багтаан олгох чиглэлийг Засгийн газраас өгчээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан 2020 онд ногдол ашиг тараахаар зарласан компаниудын мэдээллийг хүргэж байна. Энд дарж үзнэ үү.
Үүнээс гадна "Эрдэнэс тавантолгой" ХХК-аас иргэдэд тараах ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 31-ны өдөрт багтаан олгох ажээ. Иргэдэд 119,1 тэрбум төгрөг, ААН-д 636 сая төгрөгийн ногдол ашиг тараана.
"ЭТТ" ХК-ийн ТУЗ нэгж хувьцаанд 90 төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд хувьцаа эзэмшигч нарт 96 мянган төгрөгийн ногдол ашиг очно. Ингэснээр тус компанийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг авах юм.
Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор "ЭТТ" ХК ЕТТ гэсэн нэгдсэн бүртгэлийн шинэ аппликейшн нэвтрүүлсэн бөгөөд хувьцаа эзэмшигч иргэд www.ett.mn сайтаар орж "нэвтрэх" гэсэн хэсэгт дарж регистрийн болон утасны дугаараа оруулах юм байна. Гар утасныхаа Playstore, App store-гоос "Эрдэнэс Тавантолгой" гэж хайгаад дээрх ЕТТ аппликейшныг татаж суулгана.
Тус аппликейшныг анх удаа ашиглах гэж байгаа нөхцөлд "ногдол ашиг" хэсэгт дарж, регистрийн болон утасны дугаараа оруулан нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллийг бөглөнө. Ингэснээр иргэд хувьцааны тоо, ширхэг болон ногдол ашгийн хэмжээгээ харах боломжтой. Мөн данс шалгах хэсэг орж "ЭТТ" ХК-ийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл регистрийн дугаараа оруулж үзнэ.
Мөн данс нээлгэсэн үнэт цаас, брокерийн компаниа харж холбоо барих мэдээллийг авч болох нь. Ингэхдээ мөн "Үнэт цаасны компаниуд" гэсэн хэсэгт орж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй брокерын компаниудын хаяг, байршил, утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон дансаа нээлгэн үйлчлүүлэх боломжтой аж.
Энэ бүхэн нь Засгийн газраас зарласан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжсэнтэй холбоотойгоор хувьцаа болон ногдол ашгийн мэдээллээ авах гэсэн иргэдийг олноор нэг дор цуглуулахгүйн тулд онлайн хэлбэрт шилжүүлсэн шийдвэр юм.