Монгол улсын Ерөнхий сайд ард түмэндээ хандан Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөгөө танилцуулах үеэр гадаадад байгаа 160 мянган иргэдийнхээ талаар хэлсэн үгийг тоймлон хүргэе.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Монгол улсын Ерөнхий сайдын хувьд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ маш их сэтгэл зовж байгаа. Бидэнд хязгаарлагдмал нөөц бий. Бүх улс руу онгоц явуулж, бүх иргэдээ татаад авч чадахгүй. Тэгж худал ярихгүй.
Дэлхийн өнцөг булан бүрт 150-160 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Тэд маань жаргал хөөгөөгүй, амьдрал хөөж явсан юм шүү. Боолын хөдөлмөр эрхлээд ч хамаагүй эх орондоо хэдэн цаас явуулъя гээд нялх хүүхдээ орхиод, аав нь, ээж нь явсан юм. Эх орондоо сайн хүн болоорой гэж эцэг, эх нь гадаадад сургуульд явуулсан юм.
Энэ хүмүүсээ гадаадад хаяж, би үхэхээр чи үх гэж хаяж болохгүй. Иймд Монгол улсын Засгийн газар гадаадад байгаа иргэдээ, нэн тэргүүнд нялх нойтон хүүхэд, ахмад настнууд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүний нутагт эмчлүүлээд гацсан, хөрөнгө мөнгөгүй, идэх хоолгүй, орох оронгүй, оочих аягагүй болчихоод байгаа ард иргэдээ татаж авна. Энэ ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
Зарим улсууд хил хязгаараа хаасан учраас манай онгоцууд нисэж чадахгүй байгаа. Жишээ нь, Европ руу. Бидэнд хүндрэл бэрхшээл байгаа. Монгол хүн эх орноо зорих эрхтэй. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Монгол хүн байтугай монгол морь эх орон руугаа гүйдэг юм. Харийн нутагт гэр бүлээ тэжээж, хүнд хүчир ажил хийж байгаа монгол иргэдээ янз бүрийн улстөрчид доромжилж болохгүй. Энэ бол хүний ёс. Нэг нэгнээ хайрлах бол монгол философи. Тиймээс бид бололцоотой бүхий л арга хэмжээг авна.