Коронавирусийн цар тахал дэлхийн агаарын ачаа тээврийн үйл ажиллагааг эрс өөрчилж байгаа үед зорчигч тээврийн компаниуд эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгсэл, эрэлт хэрэгцээ ихтэй өргөн хэрэглээний барааг зөөвөрлөх хүчин чадлаараа өрсөлдөж байна.
Зарим авиа компаниуд зорчигч тээврийн онгоцнуудаа ачааны онгоцны горимоор ажиллуулахаар болж, үндсэн кабинууд нь хоосон, харин карго нь ачаа тээврээр дүүрэн нисэх болжээ. Ингэснээр аялал жуулчлалын эрэлт огцом унаад буй үед зорчигч тээврийн компаниуд тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй болох юм.
American Airlines Group Inc нь 1984 оноос хойш анхны хуваарьт ачааны нислэгтээ бэлдэж байгаа бөгөөд Техасаас Франкфуртын хооронд дөрвөн өдрийн турш хоёр удаа зорчигч тээврийн онгоцоор нислэг үйлдэнэ. Delta Air Lines, Korean Air Lines, Qantas Airways зэрэг бусад дэлхийн агаарын тээврийн компаниуд ч мөн адил нь зөвхөн ачаа тээвэрлэсэн зорчигч тээврийн онгоцнуудыг хөөргөж байна.
"Тэнгэрийн зам хаагдсан тул зорчигч ба ачаа тээврийн бизнесийн стратеги өөрчлөгдөх ёстой. Бид зах зээлийн эрэлтэд уян хатан хандах хэрэгтэй" гэж Korean Air-ийн тэргүүн Уолтер Чо хэлжээ.
Аялал жуулчлалын эрэлт огцом буурснаар агаарын тээврийн компаниуд ажилчдаа халж, зардлаа бууруулж, Засгийн газраас батлан даалт авахыг хичээж байгаа билээ. Харин үйлдвэрлэл нь дахин эхэлсэн Азийн чиглэлд ачаа тээврийн үнэ өсөж эхлээд байна. Тухайлбал, Cathay Pacific-ийн онгоц дотор ачаа тээвэрлэхэд өмнө нь нэг кг-д гурван доллар төлдөг байсан одоо 9-11 долларын үнэтэй болж нэмэгджээ.
Эх сурвалж: The Wall Street Journal