Монгол Улс COVID-19-ийн тархалттай холбоотойгоор "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжээд байгаад билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ цаг үед эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх дараах долоон зүйл заалт бүхий арга хэмжээгээ танилцууллаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эдийн засгийг тэтгэх чиглэлээр дараах тодорхой арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд НДШ-ээс ААНБ -уудыг бүрэн тэглэлээ. 26 хувийн татвар тэглэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт: Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй. Бүрэн чөлөөллөө.
Гуравдугаарт: Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААНБ-ын үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй.
Дөрөвдүгээрт, Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа хувийн хэвшлийн ААНБ-ын ажилчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.
НДШ-ээ төлж байгаа, ажилчдынхаа орон тоог цомхотгоогүй ААНБ үүнд хамрагдана. НДЕГ дээр НДШ төлдөг байгууллагуудын мэдээлэл дээр үндэслэж дээрх мөнгийг олгоно.
Тавдугаарт, Малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгоно. Хүүгийн зөрүүг Засгийн газар даана.
Зургаадугаарт, 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 000 төгрөг дээр нэмж 10 000 төгрөг 3 сарын турш олгоно.
Долоодугаарт, Дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн шатахууны литр тутамд 300-400 төгрөгийн хямдрал үзүүлж буулгах ажлыг хэрэгжүүлнэ.
Дашрамд дурдахад 2020 оны дэлхийн эдийн засаг 0 хувь байна гэж дүгнэж байна. БНХАУ-ын эдийн засаг л 2 хувь өсөх төлөвтэй байгаа учраас Монгол Улсын эдийн засгийг тэтгэх чиглэлээр дээрх арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэлээ" гэлээ.
Дээрх долоон зүйл бүхий арга хэмжээг санхүүжүүлэхэд 5,1 их наяд төгрөг зарцуулагдах бөгөөд уг хөрөнгийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн сахилга батыг чанга мөрдсөний үр дүнд хуримтлуулсан хөрөнгөөс зарцуулна гэлээ.
Ерөнхий сайдын мэдээллийн дараа зарим асуултыг тавьсан юм.
-Нийт 5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдана гэж та сая хэллээ. Энэ мөнгийг хэрхэн олж зохицуулж байна вэ?
-Монгол улсын Загсийн газар төрийн сангийнхаа мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар бүрэн хэмжээнд шийдэж чадна. Санхүүгийн сахилга батыг өнгөрсөн гурван жилд сайн хэрэгжүүлсэн. 8,2 их наяд төгрөгийн өрийг буулгаж чадсан учраас одоо ийм чадамжтай байна.
-Арилжааны банкууд та бүхний хэрэглээний зээл түр хойшлуулах саналыг хүлээж авсангүй яах вэ?
-Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй. Монгол банкны болон арилжааны банкуудын дотоод ажилд Засгийн газар оролцохгүй байх хуультай. Би санал тавьсан. Ер нь бол банкны реформ хийх цаг болсон нь харагдлаа. Зориг гаргаж хийх цаг нь болжээ. Олон удаа хүсэлт тавьсан. Хүсэлт биелүүлэхгүй бол засгийн газар банкуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй шүү. Уг нь эдийн засийн энэ хүндрэлтэй байдлаас аль аль нь эвтэйхэн гарах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
-Сонгууль хугацаандаа болох уу?
-Бүх зүйл хуулийн дагуу явагдана. Сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй гэж харж байна. Цагийн байдал өөрчлөгдөж, нөхцөл байдал хүндэрвэл энэ тухай асуудлыг ярина. Өнөөдрийн байдлаар УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох шалтгаан харагдахгүй байна. Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж судалж байна. Цаашдын асуудлыг УИХ шийднэ.
-Тавдугаар сарын сүүлчээс шинэ Үндсэн хууль мөрдөгдөж эхлэх учраас Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болно гэж зарим хуульчид ярьж байна?
-Шинэ ҮХ батлагдсан. Тавдугаар сарын 24-өөс мөрдөгдөнө. Үүнийг дагаж дагавар хуулиуд гарах ёстой. УИХ энэ хуулиудаа яаралтай шийдвэрлэх ёстой. Үүнийг Засгийн газар дагаж мөрдөх ёстой.