СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2020-03-27

Б.Хаш-Эрдэнэ: Коронавирусийн халдвартай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн 38 хувь нь цомхотгол хийж эхэлсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвартай холбоотой эдийн засагт сөрөг үр дагаврууд гарч жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, ажилгүйдэл нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Энэ талаар Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Үүнтэй холбоотой үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон хэчнээн аж ахуйн нэгж байна вэ?

-. Тэгэхээр манайд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 94 мянга орчим аж ахуйн нэгжийн нэг сая орчим ажлын байр эрсдэлд орсон гэсэн үг. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийг буруутгах ямар ч үндэслэлгүй. Орлогогүй болсон байгууллага ямар хөрөнгөөрөө ажилчдынхаа цалин, хөлсийг өгөх вэ. Орлого нь багассан аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлахгүйн тулд эхний ээлжинд зарим зардлаа танаж эхэллээ. Дараагийн шатанд хүний нөөцийн зардлаа танана. Энэ нь хэн нэгний буруу биш, эдийн засгийн логик дараалал алдагдсантай холбоотой. Тиймээс бид ажлын байраа хамгаалах хэрэгтэй.

-Ихэвчлэн ямар салбарын үйл ажиллагаа доголдож байна вэ?

-. Манай улсын эдийн засгийг бүрдүүлэгч байгууллагын дийлэнх нь үйлчилгээний салбар. Үүнтэй холбоотой үйлчилгээний байгууллагын ажлын байрыг хадгалж үлдэхэд хэцүү болж байна. Мөн бичил үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа хүнд байдалд орж эхэлсэн. Ийм төрлийн бизнес эрхлэгчид гол орлогоо цагаан сарын үеэр олдог байсан. Гэтэл нөхцөл байдлаас шалтгаалж, цагаан сарын баяр тэмдэглэхгүй шийдвэр гарч, бичил үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн эрэлтгүй болсон. Манай эдийн засгийн 70-80 орчим хувийг хувиараа бизнес эрхлэгч, импортын бараа бүтээгдэхүүний худалдаачид бүрдүүлдэг. Тиймээс эдийн засгийн 70-80 хувь нь хүнд байдалд орсон гэсэн үг.

Тэд зээлийн өрнөөс гадна маш их зардал гаргаж байгаа. Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан ч ажил олгогч нь цалингаа олгохгүй бол яах вэ

-Ажлын байраа алдахгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Улаанбаатар хотын худалдааны танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Аж үйлдвэрлэлийн зөвлөл зэрэг байгууллага нэгдэн “Төсвийн багц” гаргаж, хөрөнгө оруулалтын ажил хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ингэхдээ Улсын төсвөөс доод тал нь 1.5 их наяд төгрөг гаргах ёстой. Энэ нь манай дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хүрэхгүй хувь, төсвийн зарлагын 10 гаруйхан хувь болно. Ингэхдээ шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн барилга, их засварын ажлын өртгийн 25 орчим хувь буюу 154 орчим тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг худалдан авах юм. Мөн Дэлхийн банк, Олон улсын валютын сан болон бусад олон улсын байгууллагаас орж ирсэн хөрөнгө оруулалтыг жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй. Ажлын байруудыг хамгаалж үлдэх боломж Засгийн газарт байгаа гэж харж байна. Мөн Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компанийн 85 орчим хувийг эзэмшдэг. Үүний 850 орчим тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдийнхээ ажилчдын цалин олгоход зориулж, нөхөн олговор эсвэл татаас хэлбэрээр олгох боломжтой.

-Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Төсөвт тодотгол хийхгүйгээр энэ олон ажлын байрыг хамгаалж үлдэх арга бий юү?

-Саяхан Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэг хувиар буурууллаа. Тэгэхээр үүнийг дагаад төсвийн бодлогыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Гэтэл төсөвт тодотгол хийх шаардлагагүй, энэ байдлаараа яваад болоод байна гэсэн байр суурийг Сангийн яам илэрхийлж байгаа. Үүнийг би шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслөө цааш нь явуулах бодолтой байна гэж ойлгосон. Бид заавал зардлаа танаж, төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн байр суурь баримталж байна. Дээр хэлсэнчлэн яг одоо хүнд байдалд орчихсон жижиг, дунд үйлдвэрүүдээсээ худалдан авалт хийх хэрэгтэй. Ингэвэл эдгээр байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж, ажилчдын цалин тасалдахгүй болно. Төсвийн орлого тасалдах нь ойлгомжтой болчихсон. Иймд бид орлогын төлөвлөгөөгөө шинэчлэх ёстой.

-Орлогыг шинэчлэх талаар ямар саналтай байна вэ?

-Манай улсын эдийн засгийн 90 хувь нь БНХАУ-аас хамааралтай. Хятад Улс өөрөө дэлхийн зах зээл дээрх хамгийн том худалдан авагч. Коронавирусийн халдвар манай улс төдийгүй дэлхийн зах зээлд сөрөг үр дагавар авч ирж байгаа. Ингэхдээ түүхий эд, барааны үнэ огцом унасан. Манай улсын гол түүхий эдийн экспортын орлого ч багассан. Ийм дараалсан эдийн засгийн хүндрэлтэй асуудал нь төсвийн орлогыг хэд дахин бууруулж байгаа юм. Энэ жил манай улс 11.8 их наядын хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн. Тэгэхээр энэ орлогынхоо ядаж 25 хувийг нь дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжихэд анхаарах нь зүйтэй.

-Аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хүнд байдалд орсонтой холбоотой тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, саяхан иргэдийн хэрэглээний эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэрийг Монголбанкнаас гаргасан. Энэ нь зээл авч, үйлдвэрлэл эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээний дэмжлэг болж чадах уу?

-Засгийн газрын зарим шийдвэр хувийн хэвшил, санхүүгийн секторуудыг золиосонд гаргаж байна. Өөрөөр хэлбэл, “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг өөрсдөө даваад гар. Бид хариуцлага хүлээхгүй” гэсэн байдлаар хандах юм. Энэ бол нэг, хоёр сар тэсэх арга хэмжээ. Банк, санхүүгийн байгууллага ч ялгаагүй нэг төрлийн бизнесийн үйл ажиллагаа шүү дээ. Эдгээр байгууллагын орлого хоёр сарын дараа багасаад эхлэхээр ялгаагүй хүндрэл гарна. Иргэд ганц хоёр сар зээлийн хүүгээ төлөхгүй хойшлуулсан ч байдал удаан үргэлжилбэл тэсэх аргагүй болно. Тэд зээлийн өрнөөс гадна маш их зардал гаргаж байгаа. Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан ч ажил олгогч нь цалингаа олгохгүй бол яах вэ. Ийм олон талын сөрөг үр дагавар гарна. Тэгэхээр цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхийн тулд мэргэжлийн байгууллагуудтай хэлэлцээрийн ширээнд сууя гэж уриалаад байгаа юм. Үүнд, Засгийн газар, санхүү банкны салбарынхан, хувийн хэвшлийн төлөөллийн байгууллага, иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд оролцох юм.

-Цаашид дотоодын үйлдвэрлэлд ямар өөрчлөлт гарах бол? 

-Уламжлалт түүхий эд материал дээр суурилсан дотоодын үйлдвэрлэл манай эдийн засгийн гол салбар. Гэхдээ энэ “Covid-19” халдварын тархалтын дараа дэлхийн болон Монголын эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөнө. Энэ нь бидэнд эдийн засгийг удирдах шинэ төрлийн арга, аргачлалыг бий болгож болохыг харуулж байна. Хөдөө аж ахуйн түүхий эд дээр суурилсан үйлдвэрлэлүүдээ дэмжихээс гадна, гадаадын импортын түүхий эдээс хараат бус бусад төрлийн салбарыг хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, манайд мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжих боломж байна. Тиймээс аль болох гаднын импортын түүхий эд материалаас хараат бус салбарыг хөгжүүлэх нь зүйтэй.

Б.Бадралмаа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.