Энэ жил цас их орсны улмаас зэрлэг амьтад тархан суурьшсан байршил нутгуудад идэш тэжээлийн хомсдол үүсч байгаа аж. Иймээс Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зэрлэг амьтдад тусламж хүргэх нэн шаардлагатай газруудын судалгааг гаргажээ. Судалгаанд үндэслэн дараах бүс нутагт биотехникийн арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн даваа, Баянхан, Нэртийн гол, Онон гол, Ар Дархинт, Гунатын адаг, Могойтын горхи зэрэг газрыг онцлон гурван тонн хужир шүү, 300 килограмм давс, 300 боодол өвс тавьж өгсөн байна. Эдгээр бүс нутагт нь халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуудын үндсэн байршил нутаг аж. Үүнээс гадна цагаан зээр ч олноороо нутагладаг гэнэ. Зээрийн сүрэгт тандалт хийхэд ямар нэг өвчний шинж тэмдэг ажиглагдаагүй гэж тус яамнаас мэдээллээ.
Он гарснаас хойш хоёр дахь удаагаа зохион байгуулж буй биотехникийн арга хэмжээг Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Амьтны тухай хуулийн хүрээнд сумын байгаль хамгаалагчид болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран хийжээ. Ингэхдээ аль болох айлын малаас хол, зэрлэг амьтдын шинэ мөр, ялгадас бүхий газрыг сонгон, булаг рашаан, задгай ус, ус цуглах газар, бороо, шар усны үерт урсахгүй тэгш гадаргууд хужир шүүг тавьж, багцлах болон тараах аргаар биотехникийн ажиллагаа явуулсан байна. Ташрамд дурдахад, өмнө жилүүдэд биотехникийн ажиллагаа хийсэн газруудаар судалгаа хийхэд тавьсан хужрыг идэж дуусгасан төдийгүй далд байршуулсан шүү, давсыг ухаж, идсэн байжээ.
Г.Ган