СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2020-03-27

Сонгууль хойшлуулах талаар хэн юу хэлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Энэ асуудалд парламентад суудалтай намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Г.Тэмүүлэн: ЕрөнХийлөгчийн уриалгыг дэмжиж байна

(УИХ-ын гишүүн)

-Төрийн тэргүүн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан зургаан заалт бүхий уриалга дэвшүүлсэн. Нэгдүгээрт, төсвийн тодотгол хийх асуудлыг хөндсөн нь зарчмын хувьд зөв. УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсвийг хэмнэх уриалга ч зарчмын хувьд зөв асуудал.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалахтай холбоотойгоор бид ийм шийдвэр гаргаж болно. Энэ бол цэвэр УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн уриалгыг УИХаар хэлэлцэж, онцгой нөхцөлөөс хамаарсан шийдвэрийг гаргаж болно гэж бодож байна. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд ч холбогдох зохицуулалтыг хийсэн. Зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтэд 198 оронд энэ халдвар гараад байна. Цаашид цаг минутаар өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй учраас онцгой нөхцөл байдал тогтоож болно.

Ж.Батзандан: Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна

(УИХ-ын гишүүн)

-Олимп, Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ч хойшиллоо. Зарим улс орон эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай болсон талаар ярьж, коронавирусийн тархалтаас улс орноо аврахын тулд цэргийн эдийн засгийн тогтолцоо руу орж байгаагаа зарлаж байна. ШИНЭ нам, ШИНЭ эвслийн зүгээс удаа дараа шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл Улсын Онцгой комисс нөхцөл байдлыг удирдаж явлаа. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийг аврах цогц бодлого гаргахгүй удлаа.

Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Коронавирусийн халдвар гарсантай холбоотой намууд иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломжгүй боллоо. Иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахгүйгээр сонгууль явуулдаг нэг ч улс орон байхгүй. Тиймээс УИХ хуралдаж сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэдэг уриалгыг ШИНЭ нам дэмжиж байна.

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах бус харин ч урагшлуулах ёстой

(УИХ-ын гишүүн)

-Сонгуулиа хойшлуулж болохгүй. Энэ маш буруу. Харин ч урагшлуулах ёстой. Учир нь, явах хүнээр ачаа бүү татуул гэж үг бий. Сонгууль болж, шинэ парламентаас маш их зүйл хүсэн хүлээж байна. Шинэ Засгийн газар, шинэ төсөв төлөвлөгөө, НӨАТ-ыг гурван хувь болгох, зээлийн хүүг царцаах, хойшлуулахыг ард түмэн хүлээж байна. Эдгээрийг энэ Засгийн газар хийхгүй байна. Хойшилбол бүр хийхгүй л гэсэн үг. Ажил хийдэггүй Засгийн газар, УИХ-ыг удаан байлгах нь буруу.

Ерөнхийлөгч эдийн засгийн нөхцөл байдлаас болж сонгуулийг хойшлуулахыг уриалж байна гэвэл болохгүй. Монголд өнөөдөр онц байдал зарлаагүй байна. Ерөнхийлөгч үнэхээр хүнд байгаа гэж үзэж байвал онц байдал зарлах тогтоолоо өргөн барьж болно. Ерөнхийлөгч хууль дүрмийн дагуу ажиллах ёстой. Эдийн засгаа аваръя гэвэл аль болох хурдан хулгайч биш хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй.

Ц.Туваан: Хувь гишүүн дангаараа байр сууриа илэрхийлэх боломжгүй

(АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан уриалгатай холбоотойгоор манай намын Улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргана. Энэ хурлаас өмнө гишүүд нэг нэгээрээ байр суурь илэрхийлэхгүй.

С.Заяа

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.