Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан "УИХ-ын сонгуулийг хойшлуулах, төрийн эрхийг төвлөрүүлэх..." уриалгад улс төрийн намууд ямар байр суурьтай байгааг бид цувралаар хүргэж байгаа. Энэ удаа ШИНЭ намын дарга Ж.Батзандан байр сууриа илэрхийллээ. Тэрээр ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан:
-Ерөнхийлөгч уриалга гаргасан байна. Хамгийн чухал нь 06-р сарын 24-нд болох сонгуулийг хойшлуулах санал дэвшүүлсэн. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө батлуулж, бага хурал, түр зөвлөлөө хуралдуулах шаардлагатай байсан боловч өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр явсан.
Сонгууль эхэлж байгаатай холбогдуулж улс төрийн намууд иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах шаардлагатай байгаа боловч коронавирус гарсантай холбоотойгоор олон хүнийг цуглуулах ямар ч боломжгүй болсон. Иргэдтэйгээ уулзахгүйгээр хөтөлбөрөө танилцуулахгүйгээр сонгууль хийнэ гэдэг ойлголт дэлхийн аль ч улс оронд байхгүй.
Өөрөөр хэлбэл, сонгуулийг нэр төдий, оромдох нь буруу гэж бид харж байна.
Дэлхийн улс орнууд сонгууль битгий хэл олимпийг хойшлуулж байна. Тийм учраас УИХ хуралдаж 06-р сарын 24-нд болохоор товлосон сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналыг ШИНЭ нам албан ёсоор илэрхийлж байна.
Ерөнхийлөгч ямар ч асуудлаар санал гаргах эрхтэй. Тиймээс ерөнхийлөгчөөс гаргасан санал болгоныг УИХ, олонхийн бүлэг хэлэлцэж санал гаргах шаардлагатай гэж ШИНЭ намын даргын хувьд үзэж байна.
-Сонгууль хойшлуулах нь сонгуульд ямар нөлөөтэй вэ?
-Унгар улсыг харъя. Ийм онцгой нөхцөлд эдийн засаг хэвийн үргэлжлэх нөхцөлгүй байдаг учраас цэргийн эдийн засаг гэж зарлаж байна. Итали, Испани, АНУ-ын эмч нар уйлж байна. Ийм онцгой нөхцөл байдлын үед бид онцгой арга хэмжээ л авах ёстой. Хэвийн горимоор эдийн засаг ажиллаж болохгүй.
Онцгой байдлын үед ч гэсэн улс төр хэвийн горимоор явах ямар ч бололцоогүй. Тиймээс Монгол Улсын Их Хурал, Засгийн газар улс төр, эдийн засгийнхаа онцгой горим руу шилжих ёстой.