Засгийн газрын энэ сарын 22-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар, Цагааннуур, Алтанбулаг боомтоор ямар ч иргэн нэвтрүүлэхгүй, түр хаах шийдвэр гарган. Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг энэ сарын 23-ны өдрийн 20:00 цагт хаасан. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтыг энэ сарын 28-ны 06:00 цагаас хойш хаах юм.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Москвагаас Улаан-Үүдээр дамжин 200 орчим иргэн ирэхээр өчигдөр хөдөлсөн гэсэн. Зарим иргэд өнөөдөр Алтанбулаг хилийн боомтоор орж ирж байгаа байх. Гаднаас ирж байгаа иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт тусгаарлах байранд 14 хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлах байрны нөөц дуусаж байгаа ч аль болох иргэдээ тусгаарлах болно” хэмээв.