Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн сард эм ханган нийлүүлдэг компаниудын амны хаалтын 4-6 сарын нөөц гурван хоног, амны хаалтын түүхий эдийн нөөц долоо хоногийн дотор дууссан. Харин эрүүл мэндийн хамгааллын хэрэгслийн нөөц 5-10 хоногийн дотор дуусжээ. Тэгвэл амны хаалтын нөөц, хамгаалах хэрэгслийн нөөцийг өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээнд бүрдүүлж чадахгүй байна хэмээн Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням “Халуун сэдэв” булангийн эхэнд онцлон дурдсан юм.
Дэлхий даяараа бүх эмийн үйлдвэрүүдийн 80-90 хувь нь ямар нэгэн байдлаар Хятад улстай холбогддог. Эмийн түүхийн эдийн 70-80 хувийг Хятадын Хэбэй мужийн Ухань хотын үйлдвэрүүд нийлүүлдэг. Түүнчлэн тус хотын үйлдвэрүүд хамгаалах хэрэгслийн түүхий эдийг бас үйлдвэрлэдэг. Иймд дэлхий нийтээрээ эмийн түүхий эдийн нөөц хомсдож, үнэ өсөж байна. Энэ байдлаас үүдэн манай улсын хэмжээнд импортоор авч байгаа эм, хамгаалах хэрэгслүүдэд хомсдол үүсээд байгаа юм.
Дотоодын үйлдвэрүүдийн хувьд түүхий эдийн хүндрэлтэй байдалд орж байна. Европын орнууд эм болон хамгаалах хэрэгслийн түүхий эдийг их хэмжээгээр өндөр үнээр авч байгаа нь манайх шиг жижиг улсуудад эрсдэл үүсгэж байгаа юм. Эм ханган нийлүүлэгч компаниуд, үйлдвэрлэгчид зайлшгүй түүхий эдээ авахын тулд урьдчилгаагаа 100 хувиар төлж, өссөн үнээр авч байна. Эмийн хомсдол хэр зэрэг удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй ч өөдрөгөөр харахад ирэх есдүгээр сар хүртэл энэ хомсдлыг арилгаж чадахгүй байх.
Эмийн үнийг нэмэгдүүлэхгүй байх боломж байхгүй. Яагаад гэвэл дэлхийн зах зээлд хомсдол үүсээд тэрийгээ дагаад үнэ нь өсөж байна.
Иймээс төр засгаас эм ханган нийлүүлэгч компаниудад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Уг хүсэлтэд гааль, татвар, НӨАТ-аас чөлөөлөх, эмнэлгийн байгууллагуудад нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөрийг бүрэн барагдуулах нь нэг талаараа дэмжлэг болно.
Өнөөдрийн байдлаар антибиотик, өвчин намдаах, витамин, вирусийн эсрэг эмийн түүхий эд, хамгаалах хэрэгслийн түүхий эдийн үнэ хамгийн багадаа 30-50 хувь, зарим нь нэг дахин өссөн мэдээлэл байна.
Манай улсын эм ханган нийлүүлэх байгууллагууд дунджаар 45-60 хоног, зарим нь хагас жилийн эмийн нөөцтэй байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сараас хятад улс хилээ хаасан хугацаанаас хойш тооцвол эмийн нөөц дуусах тийшээ хандаж байгаа. Одоогийн эмийн татан авалтын үнэ нэмэгдсэн үнээр орж ирж байгаа тул энэ долоо хоногоос эм өссөн үнэтэйгээр зарагдаж эхлэх байх.
Гэхдээ хөнгөлөлттэй эмийн хувьд эмийн сангууд эрсдэлээ үүрээд нэмэгдсэн үнээр зарахгүй ч хэтэрхий өндөр үнээр орж ирсэн тохиолдолд хөнгөлөлттэй үнээр биш үндсэн үнээр зарах эрх зүйн үндэс эмийн сангуудад байгаа.
Ер нь бол дэлхий нийтээрээ эмийн хомсдолд орж, үнэ нэмэгдэж байгаа тул эмийн тасалдал үүсэж, үнэ нэмэгдэх магадлал маш өндөр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.